Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр \”Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” захирамж гаргасан билээ. Энэхүү захирамжаар зөвхөн удаан хугацаанд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хүмүүс болон Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглож байгаа юм.
Хотын дарга энэхүү захирамжийнхаа талаар өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас уг захирамжийг дэмжсэн байна. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд \”2018 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр дэмжлээ. Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Улаанбаатарт ирээд яндан нэмж болохгүй.
Мөн захирамжид дурдаагүй боловч шийдэх ёстой нэг асуудал нь машины утааны асуудал. Үүнийг үе шаттайгаар шийднэ. УБ хотын нийтийн тээврийн хэрэгслүүдийг хувийн ч бай, улсынх ч бай хайбрид /hybrid/ буюу хосломол хөдөлгүүр болон гаазаар ажилладаг тээврийн хэрэгсэл болгох шаардлагатай байгаа. Энгийн стандартын зуухыг зах, худалдааны төвүүдээр борлуулахгүй. Захирамжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавина. Мөн одоо ашиглаж байгаа зуухуудыг үе шаттайгаар халах ажил хийгдэх болно. Бид бүгдэд тулгарсан аюул учраас бүгдээрээ хамтарч ажиллая.
Бидний зүгээс иргэдийн эрхэнд халдсан шийдвэр гаргахыг хүсэхгүй байгаа хэдий ч бидний эрүүл аюулгүй амьдрах эрхэнд халдсан, үндэсний аюулгүй байдалд халдсан хэмжээнд байгаа учраас ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байна. Мөрийн хөтөлбөр дээр агаарын бохирдлыг 20 хувь бууруулна гэсэн зорилт тавьж ажиллаж байна. Амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой хүмүүст түүхий нүүрс түгээж байхын оронд сайжруулсан түлш өгнө. Нүүрс түлэхээ больвол агаарын бохирдол буурна. Орон нутгаас ирсэн иргэдийг орон нутагтаа буцан очих хүсэлтэй байгаа эсэхийг асуун, хэрэв нутагтаа очин ажиллаж, амьдарна гэвэл тэндээ очиж, ажиллаж, амьдрах боломжоор хангах тал дээр Аймаг, нийслэлийн ИТХ-тай хамтран ажиллана. Иргэд энэ агаарын бохирдол ихтэй байгаа, аюултай бүсээс гарах хэрэгтэй.
Иргэдийг эрүүл аюулгүй орчин амьдраасай гэсэндээ энэ хязгаарлалтыг тавьж байгаа. Бүрэн эрхийнхээ хугацаанд хүүхдийн хоёр эмнэлэг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Бидний судалгаагаар томуугийн тархалт буурч байгаа. 13 хувиас 10 хувьд хүрсэн. Өдрийн дуудлага 2,500 байснаас 1,500 болж буурсан. Өмнө нь бид нийт 200 ангид агаар шүүгч суурилуулсан. Энэ ондоо багтаагаад нийслэлийн бүх сургуулийн анги танхимд агаар шүүгч байрлуулна” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.