Дуурь бүжгийн эрдмийн театр нь 54 дэх улирлын тоглолтын хүрээнд \”Сонгодог урлаг хүүхдийн боловсролд” уриатайгаар \”сонгодог урлагаар дамжуулан хүүхдийн боловсрол, ирээдүйн хөгжил төлөвшил, оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие бялдрын зөв хөгжилтэй, гоо зүйн мэдрэмжтэй иргэн төлөвшүүлэх” зорилготой ажиллаж байгаа бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар 9 дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүд болон Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн төвүүдийн хүүхдүүдийг уг хөтөлбөрт хамруулах чиглэлээр хамтран ажиллана.
Дуурь бүжгийн эрдмийн театр нь уг хөтөлбөрт зориулан сар бүр сонгодог урлагийн тоглолтуудыг хүүхдүүдэд зориулан цувралаар зохион байгуулна. Уг ажлын хүрээнд НХГБХГ-ын дарга Я.Байгалмаа ДБЭТ-ийн захирал Ч.Мөнхзул, тус театрын Уран сайхны удирдагч МУАЖ А.Дашпилжээ нар ажил хэргийн уулзалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцлоо.
Хүүхдэд урлагийн боловсрол олгох уг хөтөлбөрийн нээлт нь 2017 оны 01-р сарын 07-ны өдрийн 17.00 цагт ДБЭТ-т зохион байгуулагдсан бөгөөд уг арга хэмжээнд тус театрын болон НХГБХГ, НБГ-ын удирдлагууд оролцлоо. Мөн энэ өдөр хүүхдийн тоглолтын хөтөлбөрийн нээлтийн тоглолтыг Л.Мөрдоржийн \”Хөхөө намжил” дууриар эхлүүллээ.
Нээлтийн тоглолтыг Нийслэлийн халамж, асрамжийн төвүүдийн 300 орчим хүүхдүүд үзэн сонирхож, нэг оройг урлагийн орчинд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлсэн арга хэмжээ болж өнгөрлөө. Сонгодог урлагийн үзэгчдийг багаас нь бэлтгэх, хүүхдийг урлагаар дамжуулан хүмүүжлийн эерэг чанаруудыг төлөвшүүлэх зорилттой хөтөлбөрийн хүрээнд хийх тоглолтоо монголын үндэсний өв, соёлын нэгээхэн хэсэг морин хуурийн домгоос сэдэвлэсэн Монголын сонгодог бүтээлээр нээлээ.
Бид уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр сонгодог урлагийн бүтээлээр дамжуулан хүүхдэд гоо зүйн боловсрол олгох, бие хүний эерэг төлөвшлийн суурийг тавих боломж бүрдэнэ гэж үзэж байна гэж Нийслэлийн ХГБХГ-аас мэдээллээ.