Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой нэгдүгээр сарын 13-нд тохионо.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй.
Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.
Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар \”Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ. Тиймээс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулаад ажиллаж байна.
Комиссыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ахалж байна
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 151 дүгээр зарлигийг тус тус үндэслэн 2016 оны есдүгээр сарын 02-ны өдөр 14 тоот захирамж гаргасан юм. Уг захирамжаар шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулсан билээ.
Комиссыг Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж ахалж, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллах юм.