Бэлчээрийн доройтолд нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүдийн нэг нь сүүлийн жилүүдэд сүргийн бүтэц их алдагдаж байгаа явдал юм. Ноолуурын үнэлэмж өндөр байгаагаас малчид ямаагаа өсгөх сонирхол их болсон. Энэ асуудалд эдийн засгийн хөшүүргээр хандах үүднээс Хүнс Хөдөө Аж ахуйн яам Швейцарийн хөгжлийн агентлагийн \”Ногоон алт”, төсөлтэй хамтран сарлагийн хөөвөр, тэмээний ноосны үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн 4 жил ажиллаж байна.
Сарлагийн хөөвөр, торомны ноосыг самнаж бэлдсэнээр нэгдүгээр зэрэглэлийн ноолууртай дүйх хэмжээний түүхий эд гарган авах боломж байна гэдэгийг бидний хэрэгжүүлсэн туршилтын төсөл баталлаа. Самнаж бэлтгэсэн сарлагийн хөөвөр нь 1-2 зэрэглэлийн ноолууртай дүйх хэмжээний чанартай байна. 2-3 жил үргэлжилсэн эрчимтэй сургалтын үр дүнд одоо нийт малчдын 30 гаруй хувь нь сарлагийн хөөврөө хяргах бус самнаж бэлдэж байна. Бэлтгэлийн энэ шинэлэг арга боловсруулах үйлдвэрүүдийн хувьд цоо шинэ, өндөр чанарын түүхий эдийг нээж өгсөн. Одоо улсын хэмжээнд нийтдээ 60 гаруй тонн сарлагийн самнасан хөөвөр бэлдэж, дотоодын 10 гаруй үйлдвэр 10 гаруй сая долларын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод гадаадын зах зээлд нийлүүлж байна.