Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Үүний үр дүнд өнөөдөр Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах Нисэх хүчний нэгжийг шинээр байгуулан, албан ёсоор нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлыг хангах, Онцгой байдлын байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд хэд хэдэн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний нэг нь Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ангийг байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл” юм.
Тус төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад евро стандартын шаардлага хангасан нислэгийн болон аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж, иж бүрэн дэд бүтэц бүхий ангар, эрэн хайх, аврах, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх зориулалтаар иж бүрэн тоноглогдсон нисдэг тэргүүдийг нийлүүлж, Монгол залуучуудыг нисэгч, инженер, техникийн ажилтнаар сурган дадлагажуулж үндэсний боловсон хүчнийг бэлтгэж байна.
Техникийн аюулгүй ажиллагаа, найдвартай байдал нь стандартаас шууд хамаардаг, тийм ч учраас Онцгой байдлын байгууллагад олон улсын тэр дундаа евро стандартыг нэвтрүүлэх, шаардлага хангасан тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах зорилтыг тавин ажиллаж байна.
Уг төслийг хэрэгжүүлсэнээр хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэрээ оруулсан арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, хамтарч ажилласан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Сэбастиен Сүрүн болон үе үеийн Элчин сайдууд, танай яамны хамт олон, төслийг хэрэгжүүлэгч бүх оролцогчдод Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.
Монгол Улсын Шадар сайдын зүгээс цаашид гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, эрх зүйн орчныг нь төгөлдөржүүлж чиглэлээр онцгойлон анхаарч, Агаараас эрэн хайх, аврах 111-р ангийг орчин үеийн, бие даасан мэргэжлийн аврах анги болгон хөгжүүлэх зорилтыг бүх талаар дэмжин ажиллах болно” гэлээ.
Төслийн хүрээнд нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмчийг сургаж дадлагажуулж байгаагаас гадна Агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын 3 нисдэг тэрэг, нисгэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор нийлүүлж, нисдэг тэрэг байрлах ангарыг байгуулаад байна.
Мөн нийт 12 нисгэгч бэлтгэхээс 8 нь анхлан сурагч, 4 туршлагатай нисгэгчийг бэлтгэж, үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш нисгэгч тус бүр 68 цагийн нислэг үйлдээд байна.
Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн анхны тусгай үүргийн нислэгийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэж, ОХУ-ын Улаан-Үүд хотоос Улаанбаатар чиглэлд зорчиж явсан автомашин Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт осолдсоны улмаас биеийн байдал маш хүнд 2 иргэнийг ГССҮТ-д хүргэж, амь насыг нь авран хамгаалсан.
Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд аврах ажиллагааны 83 удаагийн дуудлагаар 215 цаг 37 минутын нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн болон эрүүл мэндийн хүнд заалттай газраар тээвэрлэх боломжгүй, амь насаа алдах өндөр эрсдэлд орсон 120 хүний амь нас, аюулгүй байдлыг ханган анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй шуурхай хүргэж, амь насыг нь авран хамгаалсан үр дүнтэйгээр ажиллаж байна.