ИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах товтой. Гэвч хуралдаан хийгээгүй, харин 2024 оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн яам, УИХ дахь Төсвийн байнгын хорооноос мэдээлэл өгөхөөр болжээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Жилийн өмнөх энэ үед эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан. ОУВС гэдэг хүнд нөхцөлтэй хөтөлбөрт орох эрсдэл өндөр байв. Засгийн газраас нэлээд тэмцэл өрнүүлсэн, улмаар үр дүн гарсан. Хоёр ч төслийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улс дефолт зарлах эрсдэлээс бүрэн гарч чадсан. Энэ жил төсвийн орлого багагүй хэмжээгээр давж биелэх нь гэсэн урьдчилсан тооцоололтой болсон. Энэ жил нийт 1.9 их наяд төгрөгийн тодотгол хийсэн. Монгол Улс түүхэндээ анх удаа давсан орлогоороо тодотгол хийж байгаа нь энэ.
Ирэх жилийн онцлог юу вэ гэхээр цалин хөлсний нэмэгдлийг бүтэн жилээр нь баталгаажуулж төсөвт оруулах юм. Энэ зардал нийтдээ 3.4 их наяд болж байгаа, үүнийг хэн ч халамж гэж хэлэхгүй байх. Өөрөөр хэлбэл энэ мөнгө бол цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл юм.
Сонгууль угтаж төсөв тэллээ гэж ярьж, хардаж байна. Тоог харах юм бол нэг талаар ингэж дүгнэж болох хэдий ч задлаад харвал зайлшгүй нэмэгдэх ёстой цалин, тэтгэвэр тэтгэмжийн асуудал бий гэж хэлье.
Ирэх жил барилгын материалыг хил дээр шалгах том бүтээн байгуулалтыг барихаар төлөвлөж байна. Эрүүл мэндийн салбарт зураг төсөл нь хийгдсэн бүхий л том эмнэлгийн цогцолборын ажлуудыг хийж байгаа. Тухайлбал эрхтэн шилжүүлэх эмнэлэг. Нийт 140 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй энэ ажлыг даруй эхлүүлнэ. Ингээд гурван жилийн дараа үндэсний сайхан эмнэлэгтэй болно. Мөн хавдрын болон халдварын эмнэлгийн дэд бүтцийн бэлтгэл ажлыг төлөвлөлөө” гэв.