Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн малчин П.Чулуунтамирын хот айлаар орж, өвөлжилт болоод малчдын нөхцөл байдалд газар дээр нь үнэлэлт дүгнэлт өгч, Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийг танилцууллаа.
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багт энэ жил өвөлжилт хүндрэл багатай байгаа тул бусад багууд болон зэргэлдээ сумдаас 10 мянга орчим мал отроор өвөлжиж буй нь туурайн зуд нүүрлэх эрсдэлийн шалтгаан болж буйг сумын Засаг дарга Ю.Баасанжаргал онцолсон юм.
Малчид өвс тэжээл хэт үнэтэй байгаа тухай болон малын түүхий эд үнэгүйдэж буйг, түлш шатахууны хангалт, нийлүүлэлт хомс байгаагийн улмаас отор нүүдэл хийхэд хүндрэлтэй байгааг уламжилж байв.
Засгийн газар Архангай аймагт Улсын нөөцөөс 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр шийдвэрлэснээс гадна, шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тн дизель түлшийг Улсын нөөцөөс олгох болсон тул орон нутгийн удирдлагууд өвөлжилт хүндрэлтэй байгаа болон отрын гол бүс нутгууддаа хуваарилах зохион байгуулалт хийхийг Шадар сайд анхааруулав.
Мөн ирэх жилээс анх удаа сарлагийн хөөврийн урамшууллыг кг тутамд 10 мянган төгрөгөөр тооцож олгох болсныг дуулгалаа.
Сарлагийн хөөврийн зах зээлийн үнэлгээ кг тутамд 25-30 мянган төгрөг байдаг бол урамшуулал олгож эхэлснээр 35-40 мянган төгрөг болж нэмэгдэх боломж бүрдэж буйд малчид ихэд талархалтай байв.