БОАЖЯ-ны хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Даваасамбыг авлига авч байхад нь АТГ илрүүлж, цагдан хориод байдгаа. Түүнтэй хоёр мэргэжилтэн байсан гэх мэдээлэл байна. Д.Даваасамба нь томилолтоор ажиллаж байгаад энэ долоо хоногийг мягмар гаригт ажилдаа иржээ. Ингээд ажилдаа ирсэн өдөр нь АТГ-ын байцаагчид үзлэг хийх зөвшөөрлийн бичгээ үзүүлж түүний өрөөнд нэгжлэг хийсэн байна.
Тун удалгүй Д.Даваасамба болон мэргэжилтэн Б, мөрдөн байцаах хэлтсийн дарга Б нарын хамтаар баривчлан авч явсан тухай эх сурвалж мэдээлж байна. Мөн эх сурвалж Д.Даваасамбааг 150 сая төгрөг, хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн Б-г 40 сая төгрөгийн авлига авсан гэдгийг нь тогтоосон гэж мэдэгдлээ.
Тэд хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл өгсөн байж болзошгүй. Учир нь Д.Даваасамбагийн одоогийн эрхэлж буй албан тушаал нь байгалийн самар, жимс, мод зэргийг бэлтгэх, тусгай зөвшөөрөл өгдөг эрх мэдэлтэй албан тушаал гэх мэдээлэл байна. Тиймээс ч хуш модны самар их хэмжээгээр хил гаргах асуудалд холбогдсон байж болзошгүй юм.
Хэргийг АТГ шалгаж байна. Г.Шийлэгдамба, БЗД-ийн Газрын албаны дарга н.Батсүх нарын хэрэг шиг /тэд авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан/ замхрахгүй гэж найдаж байна. Д.Даваасамба нь УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын сонгуулийн менежерээр ажиллаж байгаад уг албан тушаалд томилогдсон нэгэн гэнэ.
Амар
Үндэстэн агентлаг