Сүүлийн өдрүүдэд иргэд, олон нийтийн дунд Жи-Тайм гэх сүлжээний бизнестэй холбоотой шуугиан дэгдэж, энэ асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нэрийг холбогдуулсан хэрэг явдал ч гарлаа.
Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон \”олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа” нь хэдийгээр Санхүүгийн зохицуулах хорооны хууль, тогтоомжоор хүлээсэн үүрэг, эрхлэх асуудал болон зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, бүртгэл, хяналтын хэрэгслүүд ашиглан явуулж буй зохицуулалтад хамаарахгүй боловч иргэд олноороо хохирч болзошгүй нөхцөл үүсээд байгаад түгшин, Казакстан Улсын \”G-Time” корпорацийн Монгол дахь салбар гэх \”G-Time корпорейшн” ХХК-ийн ажилтай танилцлаа.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт \”Гадаад худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тус компани Казахстаны Шунгит ордын чулуун бүтээгдэхүүн болон цаг борлуулдаг гэх боловч газар дээр нь очиж үзэхэд энэхүү үйл ажиллагаагаа үндсэндээ хийхгүй байгаа нь илэрхий байв. Түүгээр үл барам, бараа худалдаалахгүйгээр багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлэх тусам өндөр амжилтанд хүрнэ гэх мэт тайлбар, таниулга хийн иргэдийг илт төөрөгдүүлж байна.
Тус компаниас явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа \”Автомашины хөтөлбөр” нь иргэдийг 5000 ам.доллараар шатлан элсүүлж, долоон хүний мөнгийг цуглуулан, түүнээсээ нэг хүнд машин авч өгөөд бусдыг нь хохироож буй \”хууран мэхэлж ашиг хонжоо олох” хуулиар хориглосон үйлдэлтэй шинж, чанарын хувьд төстэй байна. Удахгүй тус компани яг энэ олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны аргаараа \”Орон сууцны хөтөлбөр” гээчийг явуулна гэж байгаа нь иргэдийн амин чухал хэрэгцээн дээр луйвар хийх, хүмүүсийг улам их хэмжээгээр хохироход хүргэх ноцтой санаархал юм.
Тиймээс \”G-Time корпорейшн” ХХК-ийн болон бусад сүлжээний бизнес гэх хууль бус, нийгэмд аюултай, залилан луйвардах гэмт хэргийн шинжтэй аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх, өмч хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохирохоос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийт ард иргэдэд анхааруулж байна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
2017.02.09