Нүүрс тээвэрлэн хилээр гаргадаг аж ахуйн нэгжүүд мэргэшсэн жолооч нарын үнэмлэх, бичиг баримтыг бүртгэж аваад, өөрсдийн хүний нөөцтэй юм шиг харагдуулдаг ч татварын болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байх тохиолдол цөөнгүй гарах болжээ.
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тийм аж ахуйн нэгжийн удирдлагад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.
Өмнөд хөршийн иргэн, манай улсад үйл ажиллагаа явуулдаг “Гуо хуй олон улсын тээвэр”, түүний охин компани болох “Галба-Ус”, мөн “Ихборзон говь” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ян Фэнтао манай улсын нийгмийн даатгалын шимтгэлд нийт 878.5 сая гаруй төгрөг төлөх ёстой байсан ч түүнийг нь худал мэдүүлж зайлсхийсэн хэрэгт холбогдсон юм.
Тухайлбал, “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2021 онд 1326, 2022 онд 2510, 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар 1874 даатгуулагчийн 2.4 тэрбум төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 619.4 саяыг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх ёстой байж.
Харин “Ихборзон говь”ХХК нь 2022 онд 300, 2023 оны эхний хагас жилд 672 даатгуулагчийн 143.7 сая, “Галба-Ус” ХХК 115.2 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой байсан гэнэ.
НПГ-аас Ян Фэнтаод холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 18.14-1 дэх хэсгийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг нуусан, худал мэдүүлсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн аж.
Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нийгмийн даатгалын шимтгэлд төлөх 878.5 сая гаруй төгрөгөө нөхөн төлөхөө илэрхийлж, хэргээ хялбаршуулж шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд 6000 нэгж буюу зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ.