ГТ уулчин Г.Өсөхбаяр хүндхэн бэртлийнхээ дараа Андийн нуруунд далайн түвшнээс дээш \”6962” метрт орших Өмнөд Америкын ноён оргил \”Аконкагуа” ууланд авиралтыг хийж өндрийн бэлтгэл хийсэн байна.
Монгол хүн анх удаа дэлхийн ноён оргил болох \”Эверестед” гарлаа хэмээх гарчигтай мэдээний эзэн нь Г.Өсөхбаяр байлаа. Түүнээс хойш дэлхийн зургаан тивийн ноён оргилд авирч энэ цаг үеийн шалгарсан уулчин гэдгээ нотолсоор байгаа билээ.
Тэгвэл тэрээр тун удахгүй Пакистаны Балтистан болон БНХАУ-ын Синьцзяний хил орчимд орших Дэлхийн хоёр дахь ноён оргил \”K2” ууланд авирахаар төлөвлөж бэлтгэлдээ гарчээ. Монгол хүний тэсвэр, тэвчээр хатуужлын бодит жишээг дэлхий дахинд нотолж байгаа шилдэг уулчин маань \”Өмнөд Америкын ноён оргил болох \”Аконкагуа” ууланд авирсан нь том зорилгын өмнөх сайхан бэлтгэл боллоо. Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ө.Баянмөнх болон \”Таван толгой” ХК-ий гүйцэтгэх
захирал Р.Сэддорж, Олимп фитнессийн хамт олонд байнгын бэлтгэл хангахад гүн туслалцаа үзүүлдэгт талархаж буйгаа илэрхийлье хэмээн” өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.
Учир нь Дэлхийн хоёр дахь ноён оргил болох \”K2” ууланд манайхны хэлдгээр баргийн аавын хүү гардаггүй уулсын нэг юм. Далайн түвшнээс дээш \”8611” метрт орших энэхүү уул нь олон шилдэг уулчдын амийг авч оддог Дэлхийн хамгийн эрсдэлтэй уулсын нэг гэдгээрээ алдартай. Энэхүү \”харгис” ууланд анх 1954 оны долоон сарын 31-нд Итали улсын домогт уулчин Акилле Компаньон авирч гарсан түүхтэй. Түүнээс хойш 67 жилийн турш ердөө 250 уулчин л энэ уулын оргилд гарч чадсан байдаг. \”K2” ууланд 1939 оноос хойш гарах гэж оролдон бүтэлгүйтэж нас барсан уулчдын тоо дэлхийд хоёрт жагсах \”Алуурчин” уул хэмээх нэрийг олгоход хүргэсэн юм. (Хар жагсаалтын нэгдүгээр байранд \”Канченджанга” уул байдаг). АНУ-ын алдарт уулчин Жорж Ирвин Бэлл \”Энэ уул яг л зэрлэг хүн шиг чамайг алах гэж оролдох болно” хэмээн \”K2” уулын талаар хэлсэн байдаг нь ямар уул вэ гэдгийн тод жишээ юм.
\”K2\” уул
\”K2” уул хэдийгээр Дэлхийн ноён оргил \”Эверест”-ээс 237 метрээр нам ч \”Эверест” уул руу авирахаас хэд дахин хүнд хэцүү байдаг гэдгийг Дэлхийн томоохон уулчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Ийм учраас энэ хүнд оргилыг зорино гэдэг нь мэргэжлийн уулчдын хувьд нас, туршлага, хүч, тэнхээ гээд бүх зүйл нь ханасан гэж үзсэний үндсэн дээрээс зориглон хийдэг алхам юм.
Манай уулчин МУГТ Г.Өсөхбаярын хувьд өмнө нь олон том оргилуудад авирч байсан хашир туршлагатайгаас гадна Дэлхийн ноён оргил \”Эверест”-ийн оргилд урд, хойд буюу хоёр талаас нь авирч мөн хойд туйлд хүрсэн анхны Монгол хүн гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээж байсан. Энэ удаагийн \”Аконкагуа” ууланд авирахад \”Эрхэт Монгол” группын захирал Х.Мандахбаяр болон \”Өмнөговь аймгийн засаг дарга” Н.Наранбаатар нар түүнийг дэмжиж тусалсан байна. Монгол Улсаас тэр дундаа Өмнийн сайхан говиос төрөн гарсан энэ цаг үеийн шилдэг уулчиндаа амжилт хүсэж Монгол түмэнтэйгээ удахгүй сайхан мэдээгээр уулзахын ерөөл хүсье.