Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар удахгүй болох гэж байгаатай холбогдуулан цагаан сарын мэндлэх, золгох , тамхилах ёcны тухай уншигч та бүхэндээ хүргэж байна.
Цагаан сарын баяр бол эв нэгдлийн баяр. Цагаан сараар золгон гэдэг бол золгож байгаа хүндээ бие биендээ хэр буруу санаагүй шүү гэдгээ илтгэж буй явдал юм.
Шинийн нэгний өглөө үүр цайхаас үдэш болох хүртэл тэр жилийн өнгийг шинждэг. Үүр цайхдаа удаан гэгээ орж, нар мандах үед үүлгүй цэлмэг байвал нялхас багачуудад өлзийтэй сайхан жил гарч байна гэж үздэг байна. Мөн түүнчлэн шинийн нэгэнд айлд хонох, уйлах хэрэлдэх, үнс хогоо хаа хамаагүй хаях, өдөр хэвтэх унтахыг цээрлэдэг аж.
Золгох ёс:Хадагтай золгохдоо хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай талруу доош унжуулна. Хадгаа хүний гар дээр тавихгүй унжуулсан чигээрээ золгоно. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Мөн золгохдоо гар зөрүүлж золгодогоос биш гар барьж золгох ёсгүй юм.
Мэндлэх ёс: Мэндлэх ёс нь хүндэж байгаагийн илэрхийлэл юм. Гэрт ирсэн хүнтэй мэндлэхдээ бүрэн хувцаслаж дээлнийхээ товчоо гүйцэд товчилсон байх . Уй гашуу тохиолдсон хүнтэй мэндэлдэггүй золгоддоггүй байх ёстой.
Тамхилах ёс:Хөөргөөр тамхилахдаа хөөргөний толгойг суллахгүйгээр тамхилдаггүй. Эмэгтэй хүн тамхилахдаа өөрийнхөө хөөргийг магнайдаа хүргэн хоёр гардан аваад өөрийн толгойноос дээш гарган мэхийсгээд буцааж өгдөг заншилтай. Эмэгтэй болон залуу хүмүүс хөөрөгний толгойд хүрэхгүйгээр үнэрлээд буцааж барьдаг. Харин хоорондоо хэрэлдсэн хүмүүс хөөрөг зөрүүлж сэтгэлээ цайлгадаг байна