Бямба гарагт Австралийн Сидней хотын нэгэн худалдааны төвд хутгаар зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү довтолж, зургаан хүний амийг хөнөөсөн юм.
Тэдгээрийн тав нь эмэгтэй, нэг нь хамгаалалтын албаны эрэгтэй ажилтан байжээ. Есөн сартай нялх хүүхэдтэй эмэгтэй алагдаж, хүнд шархадсан хүүхдийг эмнэлэгт хүргэсэн байна. Өөр 12 хүн халдлагын үеэр мэсэнд шархаджээ.
Аллага үйлдсэн этгээдийг цагдаагийн албан хаагч хэргийн газарт буудаж хөнөөсөн юм.
Австралийн Нью Соут Уэлс мужийн цагдаагийн газар Ням гарагт алуурчны нэрийг зарлажээ.
Уг этгээд нь Күинслэнд мужийн харьяат, 40 настай, сэтгэцийн өвчтэй Жоэл Каучи гэгч байсан байна.
Түүнийг халдлага үйлдэхдээ ямар нэг үзэл сурталд хөтлөгдөөгүй гэж мөрдөгчид дүгнэжээ.
“Халдлага үйлдэгч сэтгэцийн өвчтэй хүн байсныг бид тогтоосон” гэж цагдаагийн ахлах офицер Энтони Күүк хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.
Каучи сар орчмын өмнө Сидней хотод ирж, түрээсийн жижиг агуулахад хувийн эд зүйлсээ хадгалж байжээ.
Тэрбээр сүүлийн жилүүдэд автомашин, буурчийн газруудаар дамжин амьдарч, хааяа зөвхөн текст мессэжээр харьцдаг байсныг эцэг эх нь цагдаад мэдүүлсэн байна.
Сэтгэцийн эмгэг 17 насанд нь анх илэрч байсан ч бусдын эсрэг хүчирхийлэл үйлдсэн тохиолдол гарч байгаагүйг Күинслэндийн цагдаагийн газар баталжээ.
Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз тус улсын иргэдийн хувьд “ойлгоход бэрх” аллага гарсанд харамсан гашуудаж байгаагаа илэрхийлсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн ерөнхий сайд Риши Сунак, Шинэ Зеландын ерөнхий сайд Кристофер Луксон зэрэг дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд Австралийн ерөнхий сайдад эмгэнэл илэрхийлжээ.
Эх сурвалж: AFP