ОХУ-ын Буриадын Иволгинский дүүрэгт 11 амины орон сууц үерт автаж, 22 хүн, түүний дотор зургаан хүүхдийг нүүлгэн шилжүүлсэн тухай тус Бүгд Найрамдах Улсын тэргүүн Алексей Цыденов өнөөдөр өглөө мэдээлжээ.
Үерийн шалтгааныг Сэлэнгэ мөрөнд мөсний бөглөрөл үүссэнтэй холбон тайлбарласан байна.
“Өнөөдөр төлөвлөгөөний дагуу зэвсэгт хүчний болон онцгой байдлын яамны саперууд голын мөсний бөглөрлийг дэлбэлж арилгана” гэж Цыденов өөрийн Телеграм хуудсанд бичжээ.
Сэлэнгэ мөрний урсгал бөглөрсөнтэй холбоотойгоор Улаан-Үд хотод 35 айлын орон сууц үерт автсаныг тус хотын захирагч Игорь Шутенков өнөөдөр бас мэдээлсэн байна.
Гуравдугаар сарын сүүлээс эхлэн ОХУ-ын Оренбург муж, хил залгаа Казахстаны хойд бүс нутаг шар усны үерт автаад байгаа.
Өнгөрсөн өвөл хуримтлагдсан их хэмжээний цас мөс огцом дулаарсны улмаас хайлсан нь энэхүү гамшгийн шалтгаан болж байна.
Оренбургт эхэлсэн шар усны үер энэ долоо хоногоос зэргэлдээ Тюмень, Курган мужуудад үргэлжилж байгаа юм.
Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев үүнийг сүүлийн 80 жилийн хугацаанд тохиолдоогүй үерийн гамшиг гэж тодорхойлсон байна.
Эх сурвалж: rbc.ru