Төв талбайд болж байгаа номын баярт Сонгуулийн Ерөнхий Хороо оролцож байна. Энэ үеэр саналын хуудсыг хэрхэн бөглөх, саналаа яаж өгөх талаар хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.
СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Сургалтын саналын хуудсыг энд байршуулсан байгаа. Сонгогчдод хоёр саналын хуудас очно. Энэ удаагийн сонгуулиар 126 гишүүний 78-ыг мажоритар буюу олныг төлөөлөх аргаар сонгоно. Өөрөөр хэлбэл сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгөх саналыг тэмдэглэх бүхий саналын хуудас очно. Энэ хуудсан дээр саналаа тэмдэглэхдээ мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэж будах ёстой. Мандатын тооноос илүү эсвэл дутуу дугуйлбал саналын хуудас хүчингүй болно.
Үлдсэн 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх буюу пропорциональ тогтолцоогоор сонгоно. Энэ тогтолцооны гол онцлог нь Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болдог буюу УИХ-ын сонгуульд оролцож байгаа 25 нам, эвслийн нэр Дээд шүүхэд бүртгэгдсэн дарааллаар бичигдсэн байна. Өөрийн дэмжихийг хүсэж байгаа нэг нам эсвэл эвслийн өмнөх зууван дугуйг дүүргэж будна. Нэгээс илүү тэмдэглэгээ хийвэл саналын хуудас хүчингүй болно.
Саналын нууцлалыг хангахтай холбоотойгоор хавтас ашигладаг. Саналаа тэмдэглэчхээд төхөөрөмж рүү явах хооронд уг хавтсыг заавал хэрэглэснээр таны саналыг өөр хүн мэдэх боломжгүй.
Сонгогчид төв талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой” гэж тайлбарлалаа.