Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид онц их хэмжээний хохиролтой луйврын гэмт хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, тус хэлтсийн алба хаагчид Румын улсын иргэн Михайла Флорен /34 настай/ гэгч Улаанбаатар хотын 22 цэгт байрлах арилжааны банкуудын автомат төлбөрийн машинд 63 удаагийн оролдлогоор луйврын гүйлгээ хийж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлсэн байна.
Сэжигтэн Михайла Флорен нь интернет вэб сайтаас Их Британи, Англи зэрэг улсын банкны харилцагчдын мэдээллийг хууль бусаар олж авдаг бөгөөд төлбөрийн картын бэлдцэд суулган, Улаанбаатар хотод байрлах арилжааны банкуудын автомат төлбарийн машинд луйврын гүйлгээ хийсэн нь тогтоогджээ.
Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллага гүйлгээ хийхдээ сонор сэрэмжтэй байж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ