Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 104 жилийн ойн баярын мэндийг Монголын сайтын холбооны нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс хэвлэл мэдээллийн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байгаа эрхэм нөхдөдөө өргөн дэвшүүлье.
Мөн энэ салбарыг хөгжүүлэхэд өөрийн авьяас билэг, эрдэм ухаан, залуу насаа зориулан ажилласан ахмад сэтгүүлчид, манай салбарыг дэмжиж хамтран ажилладаг бүх байгууллага, хүмүүс, нийт хэрэглэгчдэдээ сайн сайхныг хүсье. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, өдрөөс өдөрт өргөжин тэлж буй цахим сэтгүүлзүй бол 104 жилийн түүхтэй Монгол улсын сэтгүүл зүйн отгон салбар мөн.
Монголын Сайтын Холбоо хэмээх их айлд одоогоор 110 сайт элсэн орж, хүсэл зорилго, эрх ашгаа нэгтгэн найм дахь жилдээ хамтран ажиллаж байна. Манай хамт олон цахим салбарт ажиллаж байгаа бусад нөхөдтэйгөө хамтран сүүлийн 10 жилд шинэ тутам үүсэн хөгжиж буй салбараа өлгийдөн авч, өсгөн бойжуулах ажилд чармайн хичээж ирсэн бол угтан золгож буй 10 жилд цахим салбарынхаа сэтгүүлчид, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, ёс зүйг дээшлүүлэх, боловсон хүчнээ чадавхижуулах, мэдээ мэдээллийнхээ чанарыг нэмэгдүүлэхэд гойд анхааран ажиллаж байна.
Тиймдээ ч \”Монголын сайтын холбоо”-ноос энэ жилийг оюуны өмчийг дээдэлж, мэдээний хулгайтай тэмцэх жил болгон зарлаад байна. Дэлхий нийтээр интернэт хөгжсөн мэдээллийн эрин зуунд илүү хариуцлагатай, илүү мэргэшсэн, илүү иргэнлэг сэтгүүлзүйг хөгжүүлэн төлөвшүүлж эх орон, ард иргэдийнхээ сайн сайхны төлөөх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулахын төлөө бид хичээн ажиллах болно.
Цахим сэтгүүлзүйн хөгжил дүрэлзэн бадрах болтугай.
Монголын Сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү
2017.03.06