Төрийн соёрхолт “Харанга” хамтлаг 35 жилийнхээ ойг тохиолдуулан энэ сарын 24-ний өдөр Төв Цэнгэлдэх Хүрээлэнд “Амьдрал-35” тоглолтоо хийхээр болсноо өнөөдөр зарлалаа.
“Харанга-35”-ыг зөвхөн тэдний ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулах бус амьд хөгжмийн фестиваль болгохоор төлөвлөжээ. Хөгжмийн наадамд оролцох хамтлаг, дуучдын нэрсийг тун удахгүй зарлана гэдгээ зохион байгуулагчид нь онцоллоо.
Энэ тоглолтын талаар тус тоглолтыг зохион байгуулагч Ж.Дамдинцэрэн “1989 оны аравдугаар сарын 26-нд Улсын Драмын Эрдмийн Театрт “Харанга” хамтлаг “Амьдрал” нэртэй анхны тоглолтоо хийж байлаа. Түүнээс хойш 10 гаруй удаа том хэмжээний тоглолт зохион байгуулж, Монгол Улсаа хоёр удаа бүтэн тойрсон байдаг.
Гэвч бид бүхний одоо хэвлэлийн бага хурлаа хийж буй Төв Цэнгэлдэх Хүрээлэнд тус хамтлаг өмнө нь тоглож байгаагүй. Тиймээс зохион байгуулагчид бид ярилцаж байгаад энэ тоглолтынхоо нэрийг “Амьдрал-35” гэж өгөхөөр шийдсэн юм.
Энэ бол зөвхөн “Харанга” хамтлагийн ойг тэмдэглэж буй төдий зүйл биш. Бид амьд хөгжмийн наадам зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ тоглолтод зориулан хийж буй зарим ажлаас онцолбол Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Харанга” хамтлагийн ах нар маань “Татар” хамтлагтай хамтран Толин хул дууг дахин шинэчилж дуулсан. Мөн энэ хүрээнд хуучны дуунуудаа дахин шинээр клип хийж сэргээхээр төлөвлөж байна. Тун удахгүй “Боловсрол” телевизээр реалити шоу маань үзэгчдэд хүрэх болно” гэв.
Тус тоглолтын ерөнхий найруулагч Н.Халиун “35 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй “Харанга” хамтлагтаа баяр хүргэе. Энэ бол зөвхөн тэдний ч биш рок хөгжим сонирхдог нийт монголчуудын баяр юм.
Энэ хамтлагт сурталчилгаа хийх шаардлагагүй. Тийм учраас тоглолтын зохион байгуулалтын талаар хэдэн зүйл онцолж хэлье. Сүүлийн таван жилд монголчууд маань Төв Цэнгэлдэхэд тоглолт зохион байгуулж сурсан. Үзэгчид олон мянгаараа ирж үзэж сурсан байна. Тиймээс “Харанга” хамтлаг маань 35 жилд анх удаа стадионд тоглох гэж байгааг бодолцоорой.
Хамтлагийнхан маань тоглолтын зохион байгуулалтад оролцохгүй. Тэд зөвхөн тайзан дээр яаж дуулах вэ л гэдгээ бодолцоно. Тоглолтын зохион байгуулалтыг олон улсын стандартад нийцүүлж хийж байна” гэж ярилаа.
Тус тоглолтын тасалбарыг цахимаар борлуулж байгаа аж. Тодруулбал Shoppy.mn, Ticket.mn, eventx.mn гэсэн гурван байгууллагаар зарагдаж байна. VIP тасалбарыг өмнө нь зарлаагүй байсан бол өнөөдрөөс борлуулалтад гарч байгааг тус тоглолтыг зохион байгуулагчид онцлов.