Хятадын инженерүүдийн зохион бүтээсэн \”Хайи” загварын гүний усны шумбагч аппарат Марианы хонхор орчимд 6329 метрийн гүнд хүрч чаджээ. Ингэснээр гүний усны шумбалтын дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.
Хятадын ШУА-ийн дэргэдэх Шэньяны автоматжуулалтын эрдэм шинжилгээний төвийн зохион бүтээсэн гүний усны шумбагч аппаратыг \”Таньсо-1” хөлөг онгоцоор Марианы хонхорт хүргэсэн байна.
Тус аппарат дөрвөн өдрийн туршид нийт 87 цагийн хугацаанд 12 удаа шумбалт хийж, усан доогуур 130 км урт замыг туулжээ. Ингэснээр Хятадын шумбагч аппарат Америкийн Seaglider аппаратын тогтоосон дэлхийн рекорд болох 6000 м-ийн гүний амжилтыг эвдлээ.
Усанд шумбагч аппаратын ажиллах зарчим нь хөвөх чадварыг нь өөрчлөх замаар энэхүү аппаратыг хөдөлгөдөгт оршино. Хүндийн төвийн харьцангуй байрлалыг өөрчлөх замаар хөвөн гаралт эсвэл шумбалтын импульсийг хэвтээ хөдөлгөөнд хувиргадаг байна. Хөдлөх ийм зарчим нь эрчим хүч маш бага зарцуулдаг боловч өндөр хурд авах боломж олгодоггүй аж.
Эдгээр роботжсон аппарат нь мэдрэгч, дамжуулагч, төрөл бүрийн эрдэм шинжилгээний аппаратууд төдийгүй байлдааны цэнэгт хошуугаар тоноглогдох боломжтой. Мөн шумбагч аппарат нь автомат горимд хэдэн сараар ажиллах чадвартай.
Усан шумбагч аппаратыг ашиглах цар хүрээ маш өргөн. Эрдэм шинжилгээ судалгааны экспедицээс авахуулаад Тэнгисийн цэргийн хүчний төрөл бүрийн үүрэг даалгаврыг хүртэл биелүүлэх боломжтой. Үүнээс өмнө Хятадын Тэнгисийн цэргийн хүч тус шумбагч аппаратыг сонирхож эхэлсэн төдийгүй эдгээр аппаратуудын зарим загварыг нь ашиглаад эхэлсэн тухай мэдээлэл хэвлэлүүдэд гарч байсан билээ.