Өнөөдөр буюу Даваа гарагаас Австрали улсад “right to disconnect” гэж нэрлэгдсэн шинэ хууль хэрэгжиж эхэлж байна.
Энэ хууль нь компанийн зүгээс ажлын бус цагаар утсаар болон интернэтээр холдогдоход “хариулахгүй байх” эрхийг ажилтнуудад олгож байгаа юм.
Ингэснийх нь төлөө ажил олгогч ажилтандаа хариуцлага тооцох эрхгүй болж байна.
Цар тахлын үеэр хүмүүсийн хувийн амьдрал болон ажлын байрны хил хязгаар алга болсноос ажлын бус цагаар гэртээ амарч байгаа ажилтан компанийнхаа дарамт шахалтад орох үзэгдэл улам эрчимжсэн гэж үздэг.
Үүнийг засаж залруулах зорилгоор шинэ хуулийг баталжээ.
“Дижитал технологиос өмнө бид ажлын дараа гэртээ хариад маргааш нь буцаж ирэх хүртлээ компанитайгаа ямар ч холбоогүй байж чаддаг байлаа. Гэтэл одоо дэлхий даяар ажлын бус цагаар, тэр ч байтугай амралтын өдрөөр цахим шуудан, мессэж, утасны дуудлага авах нь хэвийн үзэгдэл болсон” гэж Свинбурны Технологийн Их сургуулийн профессор Жон Хопкинс хуулийн ач холбогдлын талаар ярьжээ.
Өнгөрсөн онд Австралийн Хүрээлэнгийн явуулсан судалгаагаар тус улсын нэг ажилтан 2023 онд дунджаар цалин хөлсгүй 281 цаг илүү ажилласан нь мөнгөөр илэрхийлбэл 130 тэрбум австрали доллар ($88 тэрбум) болж байжээ.
Одоогоор Европ, Латин Америкийн хорь гаруй улсад Австралийн шинэ хуультай ижил төстэй хууль үйлчилдэг.
Хамгийн анх 2017 онд Франц улс ийм хуультай болж, дараа жил нь 24 цагаар утсанд хариулах үүргийг ажилтандаа даалгасан нэг компани 60,000 еврогоор торгуулж байжээ.
Мэдээж байнгын бэлэн байдалд байх шаардлага зарим төрлийн ажлын байруудад байдаг ч ажилтан өөрөө онцын шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд компанийн дуудлага, цахим шуудан зэрэгт хариулахгүй байж болох юм байна.
Компанийн удирдлагууд ч бас ийм хуультай болсноор ажлын бус цагаар ажилтантайгаа холбогдох шаардлага үнэхээр бий эсэхэд анхаардаг болох гэнэ.
Эх сурвалж: Reuters