Парагвай улсад болж буй ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр ээлжит чуулганы үеэр “Монгол нүүдлийн зан үйл” өвийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэлээ.
Энэ нь Монголоос ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 16 дахь өв болж байна.
“Монгол нүүдлийн зан үйл” өв нь нүүдэллэх нутаг бэлчээр сонгох, нүүх өдөр судар сонгох, нүүдэл ачааллах, бууц сууриа цэвэрлэх, шинэ буусан газар нутгаа аргадах, бэлчээрийн нөөц, даацыг өөрийн болон айл саахалтын мал сүргийн бүтэц, тоо толгой, зэрлэг амьтан, ургамлын тархац, нутагшилтай уялдуулах байдлаар мал сүргээ хариулах, байгаль дэлхийгээ хамгаалах зэрэг олон уламжлалт мэдлэгийг өөртөө багтаасан, уламжлалт мэдлэгийн цогц тогтолцоо, зан үйл юм.
Энэ өвийг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлэхээр судалгаа шинжилгээний ажлуудыг зохион байгуулсан.
Мөн ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд манай улсад ирж, нүүдлийн соёлын өвийг судалсан бөгөөд эрдэмтэн судлаачид, мянга мянган малчдын оролцоо, дэмжлэгтэйгээр уг өвийг үнэлэн, батламжилсан хэмээн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.