Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Цолмонбаяр нар өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Хэвлэлийн хурлын эхэнд генсек Л.Эрхэмбаяр \”Ардчилсан нам 2015 оны найм, есдүгээр сард \”Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш…” бүсийн чуулганыг баруун, зүүн, хангай, төвийн бүсэд намынхаа гишүүд дэмжигчдийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Энэ чуулганыг хийх явцад гишүүдийн зүгээс \”Ардчилсан нам хийсэн ажилтай, хэлэх үгтэй байна. Үүнийгээ ард түмэндээ тайлагнах хэрэгтэй” гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Тиймээс Ардчилсан нам аравдугаар сарын 10-аас аравхоёрдугаар сарын 10-ны хооронд орон даяар Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг тайлагнах өдрүүдийг эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна” гэсэн юм. Бүсийн чуулганыг зохион байгуулах явцад чуулганд оролцсон намын 5000 гаруй гишүүд дэмжигчид, иргэдийн хэлсэн санал санаачлагуудыг нэгтгэж дүгнэжээ. Гишүүд, дэмжигчид \”Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийн таван сайн ажлыг нэрлэсэн байна.
Үүнд:
1. Бүтээн байгуулалт-Чингис бондийн хөрөнгө оруулалт. Энэ ажлын хүрээнд зам, барилга, үйлдвэржилт, шинэ сумын төв, Улаанбаатар хотын замын шинэчлэл зэрэг ажлууд маш сайн хийгдсэн гэж иргэд онцолсон.
2. Үнэ тогтворжуулах хөтөлбөр. Энэ ажлын хүрээнд Монгол банкнаас дөрвөн тэрбум төгрөгийг аж ахуй нэгжүүдэд зээл болгон өгсөн.
3. Боловсролын салбарт хийгдэж байгаа Зөв Монгол хүн хөтөлбөр.
4. 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хүмүүсийг ажилласанд тооцох хууль баталсан. Хуулийн хүрээнд 586 мянган хүн хамрагдсан байна.
5. Улсын төсвөөс УИХ-ын гишүүдийн багц гэж тус бүр нэг тэрбум төгрөг өгдөг байсныг зогсоож, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг бий болгосон. Орон нутаг 273 тэрбум төгрөгийг өөрсдөө мэдэж зарцуулдаг болжээ.
Ардчилсан нам энэ удаа \”Монгол хүн 2020 өнөөдөр, маргааш…” чуулганыг 330 сум, 157 хороонд хийж, хийсэн ажлуудаа ард иргэддээ тайлагнах юм. 2020 он хүртэл үргэлжлэх \”Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд эхлүүлсэн ажлаа гүйцээхийн тулд ард иргэдийнхээ дуу хоолойг дахин сонсож, тэдний санал бодлыг тусгахаар энэхүү ажлыг эхлүүлж байгаа аж.
Undesten.mn