Дэлхий дахинд элэгний С вирусын халдвартай 130-170 сая хүн амьдардаг ба жил бүр 3-4 сая хүн халдвар авч, 350-500 мянган хүн уг вирустай хамааралтай өвчнөөр нас бардаг талаар ДЭМБ мэдээлжээ.
Гурван сая хүнтэй Монгол Улсад 400-гаад мянган хүн элэгний А, В, С, Д вирусийн өвчлөлтэй гэсэн судалгаа гарсан бөгөөд нийт хүн амд ногдох өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх болжээ.
Элэгний С вирус нь өвчлөлийн явц удаан. Цусаар дамжин халддаг. Эхээс урагт халдварлах магадлалтай. Хүний нас ахих тусам элгийг хатууруулж, хатуурлаас хавдар үүсгэдэг тул Эрүүл мэндийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар С вирусийг оношлох, эмчлэх, 98 хувийн эдгэрэлттэй \”ХАРВОНИ” эмийг оруулж ирэх бэлтгэл хийгдэж эхэлсэн.
\”ХАРВОНИ” эмийг энэ оны 5 сард Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн. Зах зээл дээр нэг курс нь 94000 мянган доллараар борлуулагддаг эмийг 1200 доллараар Монголд борлуулах санамж бичиг байгуулсны дагуу 11 сарын дундуур оруулж ирэхээр болжээ.
Улсын хэмжээнд Хепатит С вирусын оношилгоо эмчилгээний хүрээнд хот хөдөөгийн 140 эмч мэргэжилтнийг хоёр удаагийн сургалтад хамруулж, батламжийн дагуу гэрээ хийсэн лабораториудад тодорхой төлбөртэйгээр С вирус тоолох шинжилгээнд хамруулаад байна.
Шинжилгээнд өнөөдрийн байдлаар 2500 хүн хамрагдсанаас 1300 орчим нь С вирустэй гарчээ.
Хөдөө орон нутагт шинжилгээ хийх боломжгүй тул орон нутгийн иргэд Улаанбаатарт ирж батламжлагдсан лабораторид шинжилгээ өгнө, Шинжилгээний төлбөр тухайн эмнэлгээс хамаарч 90 мянгаас 180 төгрөгийн үнэтэй байна. Шинжилгээгээ хийлгэсэн бол орон нутагтаа эмчийн хяналтаа хийлгэх боломжтой.
С вирусийн эмийг албан ёсоор сонгогдсон 22 эмийн сангаар борлуулах юм гэж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба мэдээллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.