Монгол орны нийт нутгийн наймхан хувийг ой мод эзэлдэг. Жил бүрийн хавар, намар иргэдийн хайхрамжгүй байдлаас болж ой хээрийн гал түймэр гарч хэдэн га газар үнс нухам болдог билээ.
Сүүлийн хэдэн өдрүүдэд хуурайшил ихтэй байсны улмаас СХД-н 25-р хороо Зүүнсалаа, баруунсалаанд хэд хэдэн удаа гал гарч 4га газар, 1000 орчим гацуур мод шатжээ. Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан иргэд зусландаа гарч, ой модонд найз нөхөд хамт олноороо зугаалах болсонтой холбоотой гэж онцгой байдлын шинжээчид үзэж байна. Зүүнсалаанд Төгөл зуслангаас дээш ой модонд гарсан уг гал иргэдийн амьдарч байсан газраас 200хан метрийн цаана байсан бөгөөд унтрааж, цурманд оруулаагүй байсан бол ихээхэн аюул учрах байжээ.
СХД-ийн онцгой байдлын албаныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж 3 өдөр 3 шөнө нойргүй ажиллалаа. Уулын орой дээр гарсан учир ус зөөх боломж муу, машин явах боломжгүй тул гараар ус зөөж унтрааж цурманд оруулсан байна. СХД-т үйлдвэр үйлчилгээ явуулдаг байгууллага хамт олноос тусламж хүссэн бөгөөд ТЭСО КОРПОРАЦИ хамт олон ус зөөх 40ш сав, онцгой байдлын 100 гаруй ажилчдад хоол, ус аваачиж өгсөн нь сайшаалтай. Иймд иргэд цаашид гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж, ил гал гаргахгүй байх, гаргасан тохиолдолд бүрэн гүйцэт унтрааж байхыг анхаарууллаа.