Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооноос санаачлан Баянгол дүүргийн оюутан залуусын дунд зохион байгуулсан \”Боломж чиний гарт- Оюутан залуусын хамтын уулзалт 2017\” арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр СТӨ-нд боллоо.
Тус уулзалтад УИХ-ын гишүүн Д.Гантулга, УИХ-ын гишүүн А.Ундраа тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж оюутан залууст өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцан лекц уншсан юм. Уулзалтыг нээж Баянгол дүүргийн НАМОХ-ын тэргүүн Э.Дөлгөөн үг хэлсэн бөгөөд тэрбээр нийгэмд оюутан залуусын манлайлах түүчээ болохоор эхлүүлж буй энэхүү уулзалтыг дэс дараатайгаар зохион байгуулах болно гэдгээ илэрхийлээд оюутан залуусыг цаашид зохион байгуулах үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож байхыг уриаллаа.
Түүнчлэн уулзалтад урилгаар \”Андра Академи\”-ийн захирал Х.Бадамгэрэл \”Зорилготой залуу хүн\” сэдвээр, Монголын Англи Хэлний Академийн тэргүүн Ц.Хүрэлтулга \”Англи хэлийг үр дүнтэй сурах нууц\” сэдвээр, Сэтгэл зүйч Г.Наранбаатар \”Амжилтын сэтгэл зүй\” сэдвүүдээр тус тус залуусын сонорыг мялааж, оюунд нь хөрөнгө оруулсан үр дүнтэй лекцүүд уншсан байна.
Уулзалтын үеэр Хөгжим Бүжигийн Коллежийн цохиур хөгжимийн хамтлаг шилдэг үзүүлбэрээ тоглож үзүүлснээс гадна \”Motive\” хамтлаг хүрэлцэн ирж оюутан залуустаа ая дууны мэндчилгээгээр бэлэг барьжээ. Хүрэлцэн ирсэн оюутан залуусаас азтан шалгаруулж 5 азтай оюутан, California фитнесст хичээллэх 4 сарын эрх, \”U\’s english Club\” англи хэлний сургалтын төвд 2 сар суралцах эрхийн бичиг, \”Интер ном\” номын их дэлгүүрээс ном худалдан авах зэрэг оюунлаг хонжворуудын азтан боллоо. Тус өдөр мөн Баянгол дүүргийн НАМОХ, Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэстэй хамтран, Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 6 аж ахуй нэгжийн нээлттэй ажлын байранд оюутан залуусыг зуучилсан байна.
О.Сараа