Чингэлтэйчүүд МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдыг \”манай хүн” хэмээн ихэд өөриймсөг ханддаг. Учир юу гэвэл тэрбээр энэ өнөр бүлийн дунд 36 жил амьдарсан нэгэн. \”Манай Энхболд хэлэхээс хийхийг чухалчилдаг, хэлсэн үгэндээ эзэн болдог хүн. Чингэлтэйчүүд бид дэндүү сайн мэднэ. Хүний хуучин нь, дээлийн шинэ нь дээр гэдэг дээ. Бид таныг дэмжихээр олноороо хуран цугларлаа” хэмээн түүнтэй уулзахдаа хэлж байлаа. Тиймдээ ч Чингэлтэй дүүргийн өрхийг татан үүдийг нээж, гал голомтыг бадраахад үнэтэй хувь нэмэр оруулсан М.Энхболдыгоо тав дахь Ерөнхийлөгч болгохын төлөө зүтгэнэ ээ хэмээн чингэлтэйчүүд илэрхийлж байна. МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд 1992-1996 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996-1998 онд тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын хариуцлагатай албыг хашсан юм. Тэрбээр \”Хувь хүний хувьд миний ажил амьдралын нэгээхэн хэсэг, идэр залуу насны маань хамгийн дурсамжтай цаг мөч нийслэл хэмээх их айлтай, тэр тусмаа Чингэлтэй дүүрэгтэй холбогддог. Миний ажил, амьдралын өгсөн дэвших зам Чингэлтэйгээс эхэлсэнд би ихэд бэлгэшээж, Та нартаа ямагт талархаж, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах юмсан гэсэн чин сэтгэлтэй явдаг. Энэ хүсэл, эрмэлзэл маань хойшид ч хэвээр байх болно” хэмээн уулзалтын эхэнд хэлсэн юм.
Дүүргийн намын хорооны дарга Д.Ганболд нэр дэвшигч М.Энхболд Чингэлтэй дүүрэгт хариуцлагатай алба хашиж байх хугацаандаа 1000 оюутны байр бий болгохоос эхлээд томоохон бүтээн байгуулалт хийсэн, УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа дүүргийн хүүхдийн эмнэлгийг байгуулахад хувь нэмэр оруулсныг онцлон дурдлаа. Мөн дүүргийн анхны Засаг дарга Зул М.Энхболдтой хамтран ажиллаж байсан дурсамжтай үеэ хуучилж, тав дахь Ерөнхийлөгчдөө амжилт хүслээ.
ХЭЛДЭГ БИШ ХИЙДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛНО
Нэр дэвшигч М.Энхболд түүний дэвшүүлсэн \”Монгол төр-Монгол төр” гэсэн таван бүлэг, 85 заалт бүхий мөрийн хөтөлбөр биелэх бүрэн боломжтойг илэрхийлсэн. Мөрийн хөтөлбөр тодорхой тооцоо, судалгаа, үр дүнд хүрэх боломжид суурилсан, УИХ, Засгийн газраасаа бүрэн дэмжлэг авч чадна гэлээ. Мөн Монголд эв нэгдэл ус, агаар мэт хэрэгтэй байна. Тиймээс би \”Эвтэй Монгол-Ээлтэй төр” гэсэн уриаг сонгож авсан. Монголчууд эвлэж нэгдэх нь эх орон, ард түмний амин чухал эрх ашиг болоод байна. Үүнийг хийж чадна гэсэн итгэл үнэмшил надад дүүрэн байна.. Энэ маань надад \”Эвтэй Монгол”-ыг бүтээх, ойлголцол зөвшилцлийг бий болгох боломжийг олгож байгаа юм гэв.
Нийслэлийн есөн дүүргийн нэг болох Чингэлтэй 160 мянган хүн амтай бөгөөд иргэдийн дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Нийслэлчүүдийн хувьд тулгамдаж буй олон асуудлын нэг нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцэээний асуудал байдаг. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд өрх бүрийг үйлдвэрлэгч болгох, иргэдийнхээ баялаг бүтээх эрмэлзэл бүхнийг төр дэмждэг байх, хотын төвлөрлийг сааруулахын тулд шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох, дагуул хотуудыг байгуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжих асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Түүнчлэн гэр хорооллыг орон сууцжуулах, ипотекийн зээлийг аль болох хүртээмжтэй болгоход Засгийн газартайгаа хамтарч ажиллана гэлээ. Энэ үеэр иргэдийн сэтгэгдлийг сонслоо.
Ш.ГУНГААДОРЖ: ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ БОЛЗОЛ ХАНГАСАН ХҮН
Монгол төрийн алтан босго өндөр. Шалгуур ч бас хатуу. М.Энхболд өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд төрийн албанд бэлтгэгдэж, өнөөдөр Ерөнхийлөгч болох болзлыг хангасан хүн. Төдийгөөс өдий хүртэл төрд ажиллахдаа улс орны хөгжил цэцэглэлт, ард түмний төлөө хийж хэрэгжүүлсэн ажлыг нь дурдаад баршгүй. Түүний хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлого, хөтөлбөр олон. Ерөнхийлөгч болох нь тодорхой учраас дараа нь юу хийхээ сайн бодож төлөвлөөрэй гэж захиж байна.
А.ЛХАМСҮРЭН: АГУУЛГА САЙТАЙ ХӨТӨЛБӨР ДЭВШҮҮЛЖЭЭ
М.Энхболдын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр агуулга сайтай санагдсан. Гол нь түүнийгээ ажил болгох нь чухал. М.Энхболдыг манай дүүргийнхэн андахгүй. Тийм болохоор дэмжинэ ээ. Хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх талаар ярьж байна. Энэ маш чухал. Эхнээсээ хариуцлага тооцож ч байна. Өнгөрсөн хугацаанд бодлогогүй ажиллаж, эдийн засгийг унагасан АН-ын нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй.
Ц.НАРМАНДАХ: ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮН ДЭЭ
Залуу наснаасаа төрийн өндөр албыг хашиж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн туршлагатай улстөрч. Мэргэжил, мэдлэг боловсрол, ажлын туршлагын хувьд бусад нэр дэвшигчтэй нь харьцуулшгүй, илүү чадвартай. Хэлдэг бус хийдэг, бүтээлч, эх орон, элгэн саднаа гэсэн сэтгэлтэй, тууштай хүнээ дэмжинэ. Энэ бол түүний давуу тал юм. Иймээс давуу тал болон мөрийн хөтөлбөрт тусгасан эв эеийг дэмжиж сонголтоо зөв хийхийг чингэлтэйчүүддээ уриалж байна.
Э.Цэцэг