Өнөөдөр /2017.06.08/ www.jirgee.mn сайтад нийтлэгдсэн \”Боловсролын яамны удирдлагуудын хууль бус үйлдэл хэрээс хэтэрчээ” хэмээх гарчигтай нийтлэл нь ташаа мэдээлэл болохыг БСШУСЯ-аас хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тус нийтлэлд \”….БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хятад хэл дээр үйлдэгдсэн гэрээнд төр төлөөлж гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн үйлдэл….” гэжээ. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад баригдах сургууль, цэцэрлэгийн төсөлд хамтран ажиллах тухай санамж бичигт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд энэ нь Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл биш болохыг мэдэгдэж байна. Аливаа гэрээ, хэлэлцээр, санамж бичиг нь хоёр орны албан ёсны хэл дээр үйлдэгдэж болно.
Энэ оны дөрөвдүгээр сард зурагдсан санамж бичгийн хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 7 сургууль, 1 цэцэрлэг баригдах юм. Тодруулбал, энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 12, 19 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо зэрэг огт сургууль, цэцэрлэггүй болон ачаалал нэн өндөр хороодод сургууль, цэцэрлэг баригдана.
Хэвлэл, мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж, бусдын нэр хүндэд зориудаар халдсан, гүтгэн доромжилсон утга, агуулга бүхий мэдээлэл нийтлэхгүй байхыг хүсье.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ