Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Төв аймгийн Баян сумын нутгийн хүү юм. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн дөрөв дэх хоногийн өглөөг нэр дэвшигч төрсөн нутгийнхаа иргэд сонгогчидтой уулзсанаар эхлүүллээ.
Төв аймгийн Баян сум бол Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга төрүүлсэн сум гэдгийг нутгийн иргэд онцолж байлаа. Харин одоо Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч энэ сумаас төрнө гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа нутгийн зон олон хэлж байна. Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод нийт нутгийн иргэдээ төлөөлөн ахмад багш Цэдэнгийн Гантөмөр алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүү өргөж сонгуулийн ажилд нь амжилт хүслээ. \”Эвтэй Монгол-Ээлтэй төр”-ийн төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн, та бүхнийхээ итгэлийг дааж Төрийн тэргүүнээр сонгогдвол \”Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудаа шат дараатай хийж хэрэгжүүлэхээ нэр дэвшигч Миеэгомбын Энхболд амаллаа.
Х.Сүрэн