Урлаг спортын олон танил эрхмүүд өмнө нь АН-ын сонгуулийн ажилд тусалж, дэмжиж байсан бол өнөөдөр М.Энхболдын буюу МАН-ын сонгуульд дэмжигчээр оролцож байгаа. Үүнийг буруутгах, шүүмжлэх хүмүүс цөөнгүй бий. Ер нь л урлагийнхан улс төрчдөд \”биеэ үнэлж байна\” хэмээн хатуухан хэлж шүүмжлэх ч энүүхэнд болчихоод байгаа. Тэгвэл Камертон хамтлагийн ахлагч Д.Болд яагаад МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж байгаа талаар өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрээр \”Хүн бол цаг үеийн бүтээгдэхүүн. Эхлээд араажав сонсдог байсан бол өнөөдөр fb дээр пост хийгээд сууж байна. Өмнө нь Элбэгдоржийг дэмжиж байсан, өнөөдөр Энхболдыг дэмжиж байгаа. Энэ бол жирийн нэгэн сонгууль. Дайн биш. Нэг хүнийг дэмжлээ гээд урлагийнханийг худалдагдсан гэж шуугиан дэгдээж байгааг өрсөлдөгч талын хорсол байх гэж бодож байна. Энэ эрх чөлөөг ардчилсан хувьсгал намайг 12 настай байхад авчирсан. Тэгэхээр би 12 наснаасаа эрх чөлөөт сонголтоо хийж амьдарчээ. Энэ сонголтыг минь нэг нам худалдагдсанд тооцож байгаад гүнээ харамсаж байна. Урлаг соёлынхон өдөр бүр сонгууль шиг өрсөлдөж тайзан дээр гардаг болохоор Х.Баттулга та сонголтыг минь бүү доромжил. Би Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Учир нь энэ миний хувьд ялалт гэж үзлээ. Дайн бус Хөгжил! Хагарал бус Нэгдэл!\” гэж бичсэн байна.
Гэвч түүний энэхүү пост ч олон нийтэд таалагдсангүй. Цаг үе нь ийм болж, Монголчууд бүгд л улс төрөөр амьсгалж, үзэл бодлоороо хуваагдчихаад байна даа. Энэ дунд үзэл бодлоо худалдагдсан нь ч бий, итгэл үнэмшлээрээ дагаж байгаа нь ч бий. Энэ л ардчилал.