Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх, хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаярт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, ажлын алба өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.
Ч.Өнөрбаяр зөвлөх Оксфордын их сургуулийн урилгаар зочин профессороор ажиллахтай нь холбогдуулан ийнхүү хүндэтгэл үзүүлж буй юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж
хэлсэн үгэндээ \”Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн төлөөх нөр их хөдөлмөрөө Ч.Өнөрбаяр зөвлөх түр завсарлуулж байна. Энэ хугацаандаа Их Британи улс дахь Оксфордын их сургуульд зочин профессороор ажиллахаар болсон нь сайхан мэдээ юм. Улс төрийн ажлаа завсарлаж, дэлхийн сод сургуульд зочин профессороор ажиллах хувь тохиол тэр бүр хүнд тохиохгүй.
Шүүхийн шинэтгэлийн том хөдөлгөөнийг бид маш хүнд цаг үед хийсэн. Энэ хүнд цаг үеийг хамтдаа туулж, том өмөг түшиг болон шүүхийн шинэтгэлийг 10 үр дүнд хүргэхэд Ч.Өнөрбаяр зөвлөхийн оруулсан хувь нэмэр их. Ч.Өнөрбаяр маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэлийг олж ажиллалаа. Хүний итгэлийг олох ухаан, хүн чанарын асуудал байдаг” гэж онцлов.
Цаашид шүүхийн шинэтгэлийн төлөө ажиллахыг билэгдэж тэрбээр \”Шүүхийн шинэтгэл цаашид ч үргэлжилнэ. Шавь нар минь, энд байгаа хүмүүс шүүхийн шинэтгэлийн талаар асар их туршлага хуримтлуулсан. Ийм залуу үетэй Та бүхэн олон жил хамтран ажиллаж, шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлнэ гэж найдаж байгаа. Цаашдаа олон он жилүүдэд хамтран ажиллахыг ерөөе. Эрдэм номын их үйлс, урт холын замд нь амжилт хүсье” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх, доктор Ч.Өнөрбаяр
талархаж буйгаа илэрхийлээд \”Шүүхийн шинэтгэлийн үзэл санааны тулгын чулууг тавьсан хүн бол профессор Н.Лүндэндорж багш. Тэр үзэл санааг биежүүлж, ажил болгох нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, санаачилга байсан. Шинэтгэлийг амьдралд хэрэгжүүлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн, шүүхийн хамт олон бүгд хүчин зүтгэсэн гэдгийг онцолъё.
\”Шүүхийн шинэтгэлийн төлөө хамтдаа” гэсэн уриа, үнэт зүйл, зарчимд нэгдсэн бүх хүн шинэтгэлийг хийсэн. Энэ бол эхлэл. Цаашид эхлүүлсэн ажлаа илүү чамбайруулах ёстой. Би залуу хүн. Монголын төрд хүчин зүтгэнэ. Хийж бүтээхээр бодож, санасан зүйл ч их бий” гэсэн юм.