Монголчуудын маань заримд нь нэг муухай зан байх юм. Өөрт нь л ашиггүй бол асуудлыг аль болж бүтэхгүй талаас нь харж унагана, гацаана, түүнээсээ таашаал авна. Зөвхөн би л болж байвал бусад нь хамаагүй царайлна. Тэгээд энэ өөдгүй зан бусдад ямар их хөнөөл учруулсныг цаг хугацааны дараа мэдэрнэ…
Төр дэмжсэн бол 3536 хүний амь насыг аварч болох байлаа
Энэ бол 2014 онд хавдраар нас барсан хүний тоо.
2014 онд Монгол Улсын хэмжээнд 5483 хүн хавдар туссан гэж оношлогдон 3536 хүн нас барсан байна. Хэрэв 2011 оноос хувийн хэвшлийн өөрсдийн хөрөнгөөр эхлүүлсэн \”Хавдрын эмчилгээ оношлогооны цогцолбор төв” -ийн барилгыг хууль дүрмийнх нь дагуу дэмжсэн бол эмнэлэг хэдийнээ ашиглалтад орж олон мянган айл өрх хайртай дотны хүмүүсээ хавдар хэмээх аймшигт өвчнөөс ангижруулж, халуун ам бүлээрээ жаргалтай байх байлаа.
Дэлхийн тэргүүлэх стандартын \”300-н ортой Хавдрын оношлогоо, эмчилгээний барилгын цогцолбор” бүтээн байгуулах ажил 2011 онд эхэлж, 2014 оны эхний хагаст ашиглалтад орох ёстой байж.
Гэтэл 120 ортой 10,000 гаруй м2 талбай бүхий эхний ээлжийн эмнэлгийн барилга 70%-тай, хоёр дахь хэсэг өргөтгөлийн 180 ортой 26000м2 талбай бүхий барилгын суурь, зоорийн давхрын төмөр бетон каракас угсралтыг хийж гүйцэтгээд 2014 оны 6-р сараас хойш үндсэндээ гацжээ.
Гол шалтгаан нь Шүүхийн байгууллагад ажилладаг зарим нэг хуульч, албан тушаалтны явуулгаар хуулиар зохицуулагдаагүй саадыг хувийн хэвшилд учруулж, баялаг бүтээгчдийн бүтээн байгуулалтыг ганц нэг хүний ашиг сонирхолд нийцүүлэн зогсоож шантаажилсан байх юм.
Монгол Улсад эрүүл мэндийн жуулчлалын хөгжүүлэх эхний гарц тавигдах байлаа
Зураг төслийн дагуу 36,000 гаруй м2 талбай бүхий цогцолбор нь Япон улсын стандартаар баригдаж байгаа учраас нэг ширхэг тоосго, арматур бүр нь олон улсын нормативын дагуу баригдаж байж.
Учир нь хамтрагч байгууллага шаардлага тавихдаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн бэлтгэж, барилгын аюулгүй байдал, чанар баталгаа, стандартыг үндэслэх учраас. Төр дэмжсэн бол Монголдоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цогцолбор эмнэлэг Монголд сүндэрлэж, гадны зочид жуулчид манай улсад аялж амрангаа эмчлүүлж, үр дүнд нь эрүүл мэндийн жуулчлалыг хөгжүүлэх хөгжлийн шинэ гарц болох байлаа.
Бас Японы дэлхийд тэргүүлэгч эмнэлгийн менежмент, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхээс гадна тухайн технологи, төхөөрөмж, мөн энэ эмнэлэгт ажиллах мэргэжилтнүүдийг Японы шилдэг эмнэлгүүдэд дадлагажуулж, туршлага судлах, эмч, сувилагчдаа бэлтгэхээр төлөвлөж байжээ.
Хавдрын эмнэлгийн асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байна
Уг нь эрүүл мэндийн тухай хуулинд хавдрын өвчнийг төр хариуцаж санхүүжүүлэх тухай заалт байдаг.
Том ажил зориглон эхлүүлсэн хувийн хэвшил 300 ортой Хавдрын эмнэлгийг хувийн хөрөнгөөр барьж буй бүтээн байгуулалтдаа Засгийн газраас буцалтгүй тусламж биш хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхэд туслах албан бичиг удаа дараа илгээж, дэмжлэг хүсээд багагүй хугацаа өнгөрчээ. Үндэсний хэмжээнд яригдаж байгаа аюулыг бууруулах энэ саналыг уухайн тас дэмжих ёстой ТӨР шийдтэй хариу өгөлгүй хүлээлгэсээр байгаа нь хачирхалтай.
Өөрийн хөрөнгөөр томоохон төсөл эхлүүлсэн компанид саад мунддаггүйг хувийн хэвшил ажиллуулдаг бүх хүн мэдэх байх. Төрийн байгууллагуудаас эхлээд эмнэлэг баригдах орчмын оршин суугчид хэл ам хийж, нийтээрээ, нэг нэгээрээ хүртэл барилгын компанийн захиралтай уулзаж байв. Эмнэлэг барьж буй газарт байсан 80 шахам гараашийг эзэдтэй нь тохиролцох замаар өөрийн хөрөнгөөр чөлөөлсөн нь хамгийн наад захын жишээ гэнэ.
Эдийн засаг хямарч, аж ахуйн нэгж байтугай улс хүртэл зардлаа татаж эхэлсэн энэ мөчид хөрөнгө оруулалтандаа 20, 30 тэрбум төгрөг зарцуулсан компани төлөвлөгдөөгүй олон саад бэрхшээлээс шалтгаалан алдагдал хүлээж, өөрсдөө төдийгүй санхүүжилт хийх хамтрагчид нь хүртэл Монголын төр засагт, хууль тогтоомжид эргэлзэж эхэлсэн байна.
Мөн энэ төсөл дээр ажиллаж байсан 300 гаруй иргэд ажилгүй, орлогогүй болжээ.