Сонгуулийн ерөнхий хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн дараагийн шатны санал хураалтын талаар дараах тайлбарыг өглөө.
Тэрээр СЕХ дөнгөж сая хуралдаж дараах шийдвэр гаргалаа. Сонгуулийн дүнг зарласнаас хойш хоёр дах санал хураалттай холбоотой шаардлагыг зохих нам, холбоодоос бидэнд ирүүллээ. Энэ шаардлагын дагуу хоёр дах шатны санал хураалтыг өөрчлөх боломжгүй гэсэн хариуг бид нам, холбоод хүргүүлээ. Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу дахин санал авах үйл явцыг 14 хоногийн дотор зарлан зохион байгуулна. Ингээд манай байгууллагын мэдээлэл технологийн ажилтнууд хугацааг наашлуулах боломжийг судалж үзсэн. Тиймээс нөхцөл бололцоог дахин судалсны үндсэн дээр дахин саналыг ирэх сарын 7-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн саналыг ирэх сарын 4,5 –ны өдрүүдэд явуулахаар тогтлоо.
Энэ тогтоол гарсантай холбогдуулан хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх шатны засаг дарга нарт үүрэг болголоо. Бүх шатны сонгуулийн хороо мөн төв салбар комист даалгалаа.
Хоёрдугаарт \”Сонгуулийн ерөнхий хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа албан тушаалтан, иргэд хөндлөнгөөс оролцохыг хориглоно\” гэсэн хуулийн заалттай. СЕХ бие даасан хараат бус байгууллага, хуулийн хүрээнд бүх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Санал авсан байрнаас ирж байгаа дүн, сонгуулийн дүнд эргэлзэх хэрэггүй. Бидний нүдэн дээр ил тод гарсныг сэтгүүлчид та бүхэн мэднэ. Эхний шатны санал хураалтын дүн мэдээнд ямар нэгэн засвар ороогүй. Оруулах боломж байхгүй юм. Тиймээс дахин санал хураалтад хууль эрхзүйн ямар нэгэн зөрчил гарахгүй гэдгийг та бүхэнд хариуцлагатайгаар хэлж байна гэв.