Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал сүмогийн түүхэнд хамгийн олон буюу 1047 ялсан дээд амжилтанд хүрлээ. Нагоя башёгийн 12 дахь өдрийн барилдаанд секиваке Тамавашиг давснаар мэргэжлийн сүмогийн хамгийн олон даваа авч нэрээ мөнхөлсөн озэки Кайотой эн зэрэгцлээ.
Озэки Кайо 1988-2011 оны хооронд барилдах хугацаанаа 1047 даваа, ёкозүна Чиёнофүжи 1970-1991 оны хооронд 1045 даваа авсан байдаг.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд 1000 дахь даваагаа авч байсан Хакүхо өнөөдөр домогт сүмочдын амжилтыг давтлаа. Одоо үлдсэн өдрүүдэд даваагаа ахиулснаар жагсаалын нэгдүгээрт бичигдэж, түүхэн амжилтийн эзэн болох юм. Одоо түүнд гурван өдрийн барилдаан үлдсэн. Тэрбээр 11 даваа нэг унаатай энэ башёг ганцаараа тэргүүлж яваа билээ. Өнөөдөр озэки Такаяасутай барилдана.