2017 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 16 цаг 30 минутаас эхлэн Эрдэнэт хотод орсон түр зуурын хүчтэй мөндөр, аадар борооны улмаас нэлээд хэмжээний явган хүний зам урсаж, автозамууд дээр лаг шавар, шороо чулуу хуралдсан байна. Мөн гэр хорооллын зарим айлууд, гудамжууд усанд автаж, үерийн ус зайлуулах суваг шуудуу, нүхэн гарцууд зарим хэсэгтээ ачааллаа даалгүй эвдэрч сүйджээ.
Үерийн улмаас Цагаанчулуут багт нэг хүний амь нас эндсэн бөгөөд хэргийн газарт Цагдаагийн байгууллага, Шүүхийн шинжилгээний алба хаагчид, Онцгой байдлынхан очиж ажилласан байна. Мөн Шанд багт үерийн усанд живж байсан нэг хүүхдийг онцгой байдлынхан аварсан байна. Цагаанчулуут багийн авто засварын газар үерийн ус зайлуулах хоолойг хааж зөвшөөрөлгүй өргөтгөл барихаар суурийн ажил хийсний улмаас зарим айл өрх усанд автсан байдалтай байна.
Булаг багийн автозам дээр лаг шавар, шороо чулуу урсаж орж ирсэний улмаас замын зорчих хэсэгт автомашин зорчиход хүндрэл үүсгээд байсныг Хот тохижуулах газрын ажилтан, цэргийн алба хаагчид одоогоор цэвэрлэж байна.
Цагаанчулуут багийн үерийн далан эвдэрч гүүр нурсныг ч мөн холбогдох байгууллага, албад, \”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн машин техникийн туслалцаатайгаар цэвэрлэж, бөглөрсөн нүхэн гарц, гүүр, үерийн даланг цэвэрлэх ажлыг эхлүүллээ. Аймгийн Эрүүл мэндийн газрын зоорийн давхар усанд автсан дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид очиж ажиллан эд зүйлсийг зөөж, нүүлгэх ажил хийв.
Аймгийн онцгой комисс яаралтай хуралдаан зохион байгуулсан бөгөөд үерийн хор хохирлыг нэн даруй арилгах ажлыг шуурхай зохион байгуулах, хохирлын хэмжээг тогтоох, эвдэрсэн үерийн даланг сэргээн засварлах, бөглөрсөн нүхэн гарц, ус зайлуулах хоолойг сэтгэх зэрэг ажлыг яаралтай эхлүүлээд байна.