Монголчуудын ихэнх нь өөрсдийгөө бурханы шашинтай хэмээн боддог гэсэн судалгаа бий. Гэвч ихэнх монголчууд хаяа нэг гандан орж сүсэглэх, хүрд эргүүлэх, цээжилсэн маань мэгзэмээ амандаа унших, цагаан сараар жил мөрийн засал хийлгэхээс хэтрэхгүй байдалтай явна. Армид алба хааж байгаагын буянаар гадаадын улс орнуудад буй христ, ислам, буддын шашины сүм хийдүүдээр орж явлаа. Тэр болгондоо түвдээс гаралтай гэх монголын буддын шашины хөгжил, лам нарын байгаа байдлыг харьцуулж харах боломж гарч байв. Христ, үнэн алдартны шашин, ислам бол бидэнтэй харьцангуй хол шашинууд харин буддын буюу монголын шарын шашин яалтгүй бидний амьдралтай салшгүй холбоотой болоод хэдэн зуун жил болжээ.
Үндсэн хуулиар монголд ямар ч хүн өөрийн сонгосон шашинг чөлөөтэй шүтэх эрхийг олгосон. Манайд энэтхэг, монгол, түвдэд өндөр боловсрол эзэмшиж бурхан ном, шашины ажилдаа чин үнэнч сэтгэлтэй, олон түмэнд буян үйлдэж, тэдэнд хүндлэгдсэн мундаг лам нар олон бий. Сайны хажуугаар садаа гэдэг шиг бурханы ажлыг оромдсон, үнэтэй утас барьж, том том жип машин хөлөглөсөн тарган шар лам нар ч дутахгүй олон байгаа байх.
Бурхан багш өөрийн шавь нарыг ямар байгаагай хэмээн хүсэж байгаа талаар ингэж хэлсэн байдаг гэнэ. Бурхан багш хэлэхдээ \”Бүх нүглийг эс үйлдэж Буяныг хөтөл чуулган болгож Басхүү өөрийн сэтгэлийг огоот ариутгах нь бүх Бурхадын сургааль болой,” гэжээ. Товчхондоо сэтгэлээ ариусган буян үйлдэж маш энгийн байдлаар амьдрах хэрэгтэй гэдгийг сургаад байсан байна.
Тайландад(Мянмар, Камбожи орнууд адилхан) лам нарын буддын шашинд хандаж буй хандлага, амьдралын хэмнэл, өргөл барьц барих ёс, хүмүүстэй харьцаж байгаа байдал огт өөр байх юм. Тайландын лам нар том жижиг гэлтгүй өглөө бүр том тогоо шиг тагтай сав бүсэндээ зүүгээд гудамжаар явж өдрийн идэх хоол, өргөл, барьц цуглуулдаг. Энэ тогоонд хүмүүс ихэвчлэн хоол болох агшаасан цагаан будаа, загас, ус, жимс, цэцэг, арц хүж хийж өгдөг ба үүгээр амьдарч бурханы ажлаа эрхэлдэг ажээ. Сүм хийдэд айлчлан ном уншуулж, сургааль айлдуулсан хүмүүс ч гэсэн лам нарт хоол унд өгнө. Бэлэн мөнгө өгөх тохиолдол тун ховор, бараг өгдөггүй бөгөөд бурханы ажилд хоолтой байхад өөр юу ч хэрэггүй гэдэг зарчим жинхэнэ утгаараа үйлчилж байна. Харин сүм хийдийн хашааны гадна талд зарим энгийн хүмүүс лам багшид өгөх бэлгийг шүлжмэл сагсан дотор хийгээд км болгон зарж байгаатай таарч болно. Үнэхээр бурхан шашинд өөрийгөө бүрэн зориулсан лам хүний эгэл амьдрал гэдэг үүнийг хэлдэг байх. Бас нэг сонин зүйл бол эндэхийн эрчүүд 20 нас хүрэнгүүт их бага хугацаагаар заавал лам болж сүмд суудаг гэнэ. Бүр цэргийн хүмүүсийн ихэнх нь янз бүрийн хугацаагаар лам болж нүгэл эс үйлдэх, буян үйлдэх талаар бурханы сургааль сонсож, бясалгал хийдэг байна. Ингэж байж бурханы мөн чанарыг жинхэнэ утгаар ойлгож, нүгэлийг тэвчиж, буян хураадаг ажээ.
Харин Монголд байгаа сүм хийдүүдэд лам нар бурханы ажлыг бизнес болгон үнэ тариф тогтоогоод бидний үл ойлгох төвд хэлээр уншиж суудаг энэ байдал хэр удаан үргэлжлэх бол? Зүгээр сууж байгаад ямар ч гарлагагүй орлого олдог мөртлөө улсад ямар ч татвар төлдөггүй бизнес болтлоо хөгжсөн юм шиг харагдаад удлаа. Энэ байдал хэзээ нэг өөрчлөгдөж зөв голдирлдоо орох бол. Монголчуудын уламжлалт шашин бол бөө мөргөл байсан, шарын шашин монголд орж ирээд хэдхэн зуун жил болохдоо бидний хөгжилд ямар нөлөө үзүүлсэн гэдгийг ихэнх хүмүүс мэддэг болжээ. Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийг шашинд хандах хандлага аяндаа өөрчлөгдөх ба түүнийг дагаад манай лам нар ч гэсэн өөрчлөгдөх байх гэсэн бодолтой явна.
Дашрамд дурьдахад саяхан Өмнөд Солонгосын Засгийн газар \”Тус улсын сүм, хийд, лам нараас татвар хураах” талаар ард иргэдийн дунд санал асуулга явуултал энэ асуудлыг тэдний 90 хувь нь дэмжсэн тул шийдвэр гарган ажиллаж эхэлсэн гэж байна.
Р.Энхболд