АТГ яг хувийн байгууллага шиг л ажилладаг болж. Эзнийхээ захиалгаар. Найруулагч Б.Баатар бичлэг тараасан асуудлаар прокурорт хандахад АТГ-д шилжүүлсэн гэж сонсов. Тагнаж чагнах, хүний эрхийн зөрчлийн хэрэг АТГ-д ямар хамаатай юм бол? Дээрээс нь АТГ төрийн эрхийг хууль бусаар авах гэж байсан эсэхийг, хүнийг мөрдөж мөшгисөн асуудлыг тогтоож зарладаг болж гэнэ. Энэ юу гэсэн үг болохыг ойлгож байгаа хүн байна уу? Уг нь авилгын хэргийг шалгаж тогтоох ёстой байгууллага атал одоо бараг До яамны ажил хийгээд сууж байна. Зөрүүд илжигэнд хөллөсөн морин хадуур шиг одоо таарснаа хамах нь.
Яг үнэндээ 60 тэрбумын авилгын мөнгөөр төрийн эрхийг хууль бусаар авсан тухай асуудал бол яг АТГ-д хамаарах асуудал мөнөөсөө мөн. Харин үүнийгээ тэд мартчихаад байна, оффшорын асуудал ч шууд АТГ-д хамаарна. Гэтэл мэдээлэл олж авч чадахгүй байна гээд мэлийгээд сууж байсан. Үндсэн ажлаа хийх чадваргүйдээ өөртөө зав гаргасан энэ нөхөд одоо бүр \”төрийн эргэлт гэгчийг\” мөрддөг онцгой эрхтэй гээд бодчихсон тууж явна. Эд ер нь хэн юм бэ? Хэний гар хөл вэ?
АТГ. Энэ байгууллага утгаа алдлаа, нэр хүнд ч үгүй боллоо. Ерийн хонгил л болж. Тэгээд одоо эрх барьж байгаа нөхөд юу хүссэнээ энэ хонгил руу шиддэг болж. Хонгил үүсгэгчид нь төр биш, М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёрыг хэн ч хүлээн зөвшөөрөхөө больсон. Хариуцлагаа хүлээж нэг нь зугтаж, нөгөө нь нуугдсан хоёр. МАН ч биш, учир нь АТГ яг одоо намын асуудалд хутгалдан орж, нэгний нь захиалгаар нөгөөг нь харлуулж, хариуцлага тооцоход нь төрийн нэрээр саад учруулж байна.
Тэгэхээр АТГ-ын эзэд нь хэн байх нь вэ? Ердөө хэдэн улстөрчид, хуйвалдсан бүлэглэл. Энэ хууль бус бүлэглэлийг хамтын хүчээр дарж авахгүй бол дураараа дургиж, эцсийн мэхээ хийж байна. Энэ хонгилыг бөглөх цаг болсон! Үүнээс ахиад нэг дүгнэлт гарч байна, энэ тагнаж чагнах, мөрдөн мөшгих ажиллагааг ТЕГ биш АТГ хийгээд байсан юм биз? Тэгвэл асуудал бүр ч ноцтой тийшээ эргэнэ шүү!
Өөрт хамаагүй асуудалд гар дүрсэн АТГ-ын даргыг нэн яаралтай түдгэлзүүлж, Ерөнхийлөгч, УИХ хамтран хяналтандаа авах ёстой болж. Нэг дарга очихоор нийтээрээ долоодог байгууллага авлигатай тэмцэж чадах уу? Тэгэхгүй бол нэг хүний ТҮЦ шиг энэ байгууллага юу ч хийж мэдэх нь.