Багш нар цалингаа нэмүүлэхээр жагсаал цуглаан зохион байгуулж байгаа. Тиймээс БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар болон Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төлөөлөл багш нарыг хүлээн авч уулзан санал солилцжээ.
БСШУС-ын сайдтай уулзаж шаардлага хүргүүлж буй түр хорооны төлөөлөл \”Монголын багш нарын 80-90 хувь нь цалингийн болон ипотекийн зээлтэй. Бага цалинтай тул зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа. Гэсэн хэдий ч багшийн ёс зүй болон шавь нараа бодоод удаан хугацаанд тэвчсэн. Гэтэл Монголын багш нар 500 мянган төгрөгөөр амьдрахад хэцүү байна. Тиймээс багш нарын цалинг нэг сая зургаан зуун мянган төгрөг болгох бодит шаардлагыг хүргүүлж байна” гээд \”Бүхий л салбарын ирээдүйн боловсон хүчин болох хүүхдүүдэд сургуулийн өмнөх болон бага, дунд ангийн боловсрол хамгийн чухал. Тэдэнд боловсрол олгох багш боловсон хүчин хамгийн чухал. Гэвч амьдралд хүрэлцэхүйц цалин авдаггүй учир өөр салбар руу хөрвөх, БНСУ-д ажил эрхлэхээр явах нь ихэссэн. Тиймээс амьжиргаанд хүрэлцэхүйц цалин авахыг хүсч байна” гэдгээ илэрхийллээ.
Харин Г.Чулуунбаатар сайд \”Багш нарын хөдөлмөр сэтгэл зүйн ачаалалтай онцлог ихтэй ажил. Багш нарын амьдралд үүссэн эдийн засгийн хүнд байдлыг ойлгож, санал нэг байна. Түр хорооны гишүүд цалин нэмэгдүүлэх шаардлага тавьсантай санал нэг байгаа тул БСШУСЯ, Сангийн яам, ХНХЯ-наас ажлын хэсэг гарч судалгаа хийж багш нарын цалинг нэмэгдүүлэх талаар ажиллаж байгаа. Шаардлага тавихыг зүй ёсны гэж үзэж байгаа ч ажил хаялт зарлаж, ажлаа гажуудуулахгүй байхыг хүсч байна. Тодорхой хэмжээнд үе шаттай судалгаа хийж үр дүнгээс цалингийн хэмжээг нэмэгдүүлнэ” гэлээ.