Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт хэзээ эхэлж, хэд хоног үргэлжлэх вэ гэсэн асуултын хариуг эцэг эхчүүд хүлээж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар баталдаг сурагчдын амралтын хуваарь энэ жил өөрчлөгдөхгүй, өнгөрсөн жилийн хуваарийн дагуу явна гэв. Хуваарийн дагуу ЕБС-ийн сурагчид хот, хөдөөгүй арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн амрах юм байна. Зарим жил нэгдүгээр ангийн сурагчид хоёр долоо хоног амарч байсан бол энэ жил ноднингийн нэгэн адил нэг л долоо хоног амрах юм. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах аж.