Вьетнам Улсын шүүхээс 69 сая ам долларын залилан, хээл хахуулийн хэрэгт холбогдсон \”Ocean Bank”-ны ерөнхий захирал асан Нгуен Шуан Сонд цаазаар авах ял оноолоо. Уг хэрэгт 51 албан хаагч болон банкирууд холбогдсон байна. \”Ocean Bank”-ны захирал асан Нгуен Шуан Сон нь сар гаруй үргэлжилсэн шүүх ажиллагааны туршид өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлж байсан бөгөөд өмгөөлөгчид нь шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна.
Шүүх Ноён Соны хамтран хуйвалдагч Ха Ван Тамд насаар нь хорих ял оноожээ. Там нь Вьетнамын хамгийн баян иргэдийн нэг бөгөөд өмнө нь мөн тус банкны захирлаар ажиллаж байжээ. Тэрээр зээлийн хуйвалдаанд оролцсоноо хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүний эсрэг үүсгэсэн бусад үйлдлийг үгүйсгэсэн байна. Вьетнам Улс нь авлигад ихээр өртсөнд тооцогддог бөгөөд \”Транспэрэнси Интернэйшнл” байгууллагын Авлигын төсөөллийн индекст 176 орноос 113 дугаар байранд жагсдаг.
Шинжээчид энэхүү хэрэгт улс төрийн нөлөө орсон гэж үзэж байна. Түүнчлэн хэдий тус улсын засгийн газар авлигыг таслан зогсоохын төлөө анхаарал хандуулан ажиллаж байгаа гэх хэдий ч ихэнх иргэд коммунист удирдагч Нгуен Фу Трон нь дайснуудтайгаа холбоотой хүмүүсийг зориудаар дээрх хилс хэрэгт унагасан гэж үзэж буй талаар мэдээлж байгаа юм. Харин Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч дээрх мэдээллийг үгүйсгэж, уг хэрэг нь авлигыг таслан зогсоох их хүчин чармайлтын эхлэл гэж тайлбарлаж байна.