Шүлхийн
хорио цээр одоо ч үргэлжилж байгааг нийслэлийн мал эмнэлгийн газраас мэдээлж
байна. Шүлхийгээр өвчилсөн үхрийг устгаснаас хойш 28 хоногийн дараа хориог
бууруулдаг аж. Тиймээс ирэх долоо хоногоос хорио цээрийг болиулах бөгөөд
шүлхийн улмаас хэдий хэрийн хохирол учирч, зардал гаргасан талаарх мэдээллийг
нэгтгэх юм байна.
Малын гоц халдварт шүлхий өвчин энэ жил урьд өмнөхөөс илүү
тархаж, нийслэл хот орчмын малтай өрхийн малд хүртэл халдварласан.
Өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр Хан-Ул дүүргийн 10 дугаар хороо
\”Морингийн даваа”-ны задгайд иргэн Ц-гийн 14 толгой үхрээс хоёр үхэрт
шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв
лабораторийн шинжилгээний дүгнэлтээр шүлхий өвчин болох нь батлагдсан тул
хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Дундговь аймгаас ирж, Морингийн
даваа орчимд зусаж намаржсан айлын шүлхийн вакцинд хамруулаагүй малаас
халдвар тархсан болохыг албаны хүмүүс тогтоосон.
Морингийн даваа орчимд 4х3 км талбайд тогтоосон хорио
цээрийн дэглэмийг бууруулаагүй байхад нийслэлийн Сонгинохайрхан
дүүрэгт мөн шүлхий өвчин гарсан. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны
Шижирийн аманд оршин суудаг малтай иргэний 17 үхэр гэнэт үхсэн юм. Тэгвэл
үхрээс авсан шинжилгээний сорилд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин байгаа
нь батлагдсан тул өвчин гарсан голомтод хорио цээрийн дэглэм тогтоосон
билээ.