Монголчууд энэ
хэд хоног Шинэ Засгийн газрын томилгоо эцэслэхийг хүлээсээр л. Нийгэмд шийдүүлэх
асуудал шил, шилээ дараад хүлээж байгаа учраас тэр. Засгийн газар солигдлоо
гээд иргэдийн асуудал гэнэт нам гүм болчихгүй. Хааны алба халаатай, эзний алба
ээлжтэй хойно мөнхийн сайд, даргын суудал гэж үгүй билээ. Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
Ө.Энхтүвшин Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын, Г.Занданшатарыг
Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын
даргын, Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын, С.Чинзоригийг
Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллуулахаар болсон. Ийн найман хүний асуудлыг шөнө дөл болтол хэлэлцэн нааштайгаар шийдсэн. Тэд
өнөөдрөөс хүссэн ажилдаа орж байгаа.
Энэ өдөр Улаанбаатарын гар урлалын
дэлгүүрүүдэд мэдээж мөнгөн аяганы эрэлт нэмэгдэж байгаа. Сайддаа мөнгөн аяга
барих гэсэн хүсэлтэй хүмүүс, найз нөхөд нь, гэр бүл нь, ойр тойрных нь нөхөд
гээд цуваа урт болно. Бас хорхой ааруул, сүүний борлуулалтад ч өөрчлөлт гарна. Учир
нь монголчууд бэлэгдлээрээ шинээр алба авч байгаа хэн бэ гуайд ч мөнгөн аягатай
ааруул, эсвэл сүү мэлтийлгэн гардуулж, хадаг өгдөг уламжлалтай билээ. Явж байгаа сайдаа мэдээж гомдоохгүй бас мөнгөн аяга, хадаг сүү барина. Энэ бүхэнд зарцуулах мөнгө мэдээж аппаратын гишүүдийн халааснаас гарна. Энэ төрлийн бизнес эрхлэгчид дээдэст дотоодын
бараа, бүтээгдэхүүнээ ханасан үнээр нь борлуулахад боломжийн нигууртай өдөр гэж
зурхайн зурлагад буусан биз ээ.
Шинэ сайд нарт захиж хэлэхэд, намайг ангийн
хамт олон маань 80-90 хувиар дэмжлээ
гэхээс илүү цалингаа голсон багш, эмч нарын асуудал, хуулийг гууль болгогсдод
зориулсан суулт, ажил хаяна хэмээн айлгагсад, шинэ даргын хоморгонд ажилгүйчүүдийн эгнээнд
ордог төрийн албан хаагч нарын асуудлыг эхлээд үнэнд ойр шийдүүлээрэй. Таны
анхны алхам, анх гаргасан тушаал, шийдвэр зөв бол хэтдээ хэрүүлийн алим
тарихгүй нь үнэн. Гэхдээ тэднийг ямархуу баг, хамт олон хүлээж, ямархуу асуудал
чирэгдэл үүсгэхийг таашгүй. Ямартай ч өнөөдөртөө багтаан үлдсэн долоон сайдын
асуудлыг шийдчихвэл Засгийн газар, яамдын \”эзэнтэй өдрүүд” эхэлж байгаа нь
сайхан мэдээ юм. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг зарчмаар явж ажилдаа сэтгэлтэй
хүмүүстэй хамтарвал У.Хүрэлсүхийн
Засгийн газар алзахгүй биз ээ.
Д.Мягмар