У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтсан долоон саыдын асуудлыг УИХ-ын нэгдсэн
чуулганаар өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү \”Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн асуудалд хэрхэн хандах вэ” хэмээн УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас асуусан. Тэрээр, \”Энэ асуудалд яамны цогц бодлого
шаардлагатай. Дэлхийн улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудалд зохицсан
стандартыг хэрэгжүүлж байгаа. Аюулгүй орчинд сурах боломжийг олгохоос гадна нэг
сурагчид ногдох багш, туслах багшийг ажиллуулдаг юм билээ. Гэтэл манайд харааны
бэрхшээлтэй хүүхдийн сургуульд барриал ном,
бичих тусгай дэвтэргүй сурагч байсныг өнгөрсөн жил ажлын хэсэгт орж ажиллахдаа
нүдээр үзлээ. Ийм хүүхдүүдэд хичээл заадаг багш нарыг Эрхүүд тусгайлан сургадаг
тогтолцоо тасраад 27 жил болжээ. Энэ бүхнийг бид цогцоор нь шийднэ. Манай улсад
янз бүрийн бэрхшээлтэй хүүхдийг нэг ангид дүүргэн оруулсан байдаг. Саажилттай
хүүхэд үндсэн багшаас гадна хөдөлгөөн засал, нөхөн сэргээлт хийдэг туслах
тусгай багштай ажиллуулдаг олон улсын жишиг байна. Газар дээр нь очиж судалгаа
хийж, нөхцөл байдалтай танилцан асуудлыг цогцоор нь хийнэ. Монгол Улсад хөгжлийн
бэрхшээлтэй 110 мянга орчим иргэн бий. Түүний дотор 8000 орчим хүүхэд
боловсролын үйлчилгээг авч байна. Тусгай сургуулиудын нөхцөл байдалд онцгойлон
анхаарна.
Ерөнхий боловсролын сургууль бол туршилтын орчин байж таарахгүй. Олон
хөтөлбөр хүүхдүүдийг ядрааж, багш нарт ачаалал өгч байгаа. Боловсролын
хөтөлбөрт хамгаалалт хэрэгтэй. Хэн дуртай багш нь дурын хөтөлбөрөө дэлгэрүүлж
таарахгүй, эрх зүйн орчинд нь ч анхаарна. Багш нарын цалин нэмэх олон гарц
байгаа. Үндсэн цалинг нэмбэл улсын төсөвт хүндрэлтэй. Тиймээс
багшийн үндсэн орлогыг нэмэгдүүлэх аргуудыг хэрэгжүүлэх. Өмнө нь багш нар дэвтэр
засалтын мөнгө, анги даасны болон дугуйлан хичээллүүлж урамшуулал авдаг байсан.
Энэ бол багш нарын цалинг нэмэх нэг гарц гэж харж байна. Хувийн сургуулиуд өндөр төлбөртэй хэрнээ улсаас
хувьсах зардал авдаг. Үүнийг цогцоор нь судлаж, сайтар тооцоолон журамлах
шаардлагатай” хэмээн шав хийтэл хариуллаа.
Д.Оюун