Өнгөрөгч бямба гаригт Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд
авиралт хийсэн иргэд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй болсон байна.
Үүний дараа эрлийн баг гарч, шуурхай ажиллаж эхэллээ. Өнөө өглөө Шадар сайдаар
ахлуулсан Улсын онцгой комисс төрийн ордонд яаралтай хуралдаж, нөхцөл байдлын
талаарх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн юм. Аврагчид гурван хэсэг болж
авирагчдыг хайж байгаа гэнэ. Уг нь авирагчдын дунд Гавьяат тамирчин, уулын спортын
мастер Сүрэнжав тэргүүтэй хашир туршлагатай хүмүүс бий гэдгийг ОБЕГ-ийн дарга,
хошууч генерал Т.Бадрал хэлсэн байна.
Гэвч аравдугаар сард ууланд авиралт хийх нь эрсдэлтэй
гэдгийг уулын спортынхон тайлбарлаж эхэллээ. Тухайлбал, Монгол Улсын Гавьяат
тамирчин Б.Гангаамаа \”Аравдугаар сард ууланд авиралт хийх боломжгүй. Цас
хатуураагүй үе учраас гулсамтгай. Мөн цасны нуралт үүсэх магадлал өндөр байдаг.
Ууланд авирахаар явсан хүмүүс үүнийг мэдэж байх ёстой. Гэтэл яагаад явсныг нь
сайн мэдэхгүй байна. Эсэн мэнд байгаасай гэж залбирч байна” хэмээн ярьжээ. Авирагчдын аврах эрлийн багт Г.Өсөхбаяр, Т.Гүррагчаа нарын гавьяат уулчид байгаа гэдэг мэдээллийг өгч байна.