\”…Нэг удаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Эрхүү хотын оюутны шигшээ багтай тоглоод олон онооны зөрүүтэй хожигдоход аав минь \”Энэ гадныхныг яаж хождог больё доо\” гэж байсныг би хэзээ ч мартдаггүй юм.
Тэр мөчөөс хойш аавын минь энэ хүсэл миний мөрөөдлийн нэг хэсэг болсон. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр 2011 онд Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбоог байгуулж, залуусаа нэгтгэн хамтран ажилласаар ирлээ. Харин өнөөдөр аавын минь, Монголын үе үеийн сагсан бөмбөгийн тамирчдын, сүүлийн хэдэн жил тасралтгүй хичээсэн залуусын маань, сагсан бөмбөгт хайртай хүн бүхний хүсэл мөрөөдөл биеллээ. Тэд Ази тивийн аварга болж, түүх бүтээлээ. Монголын багийн спортын түүхийг Ази тивийн аваргад хүргэж чадсан Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нартаа болон тэдний дасгалжуулагчдад, МҮСБХ-ны хамт олондоо баяр хүргэж, талархал илэрхийлье. Дэлхийн аварга, Олимпийн медаль ойрхон байна…\” гэж МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тийм ээ. \”Монгол улсын багийн спорт хэзээ гайхамшигтайгаар хөгжиж, бид тэднээрээ бахархаж суух юм бол оо\” гэж бодож явсан үе саяхан. Майкл Жорданг шүтэгчдийн үе улирч, Леброны хаанчлал эхэлсэн энэ цаг үед Монголын залуус сагсан бөмбөгийн спортоор Азийн аварга хэмээх алдрыг эх орондоо авч байгаа нь үнэхээр гайхамшигтай юм. Тэд түүхийн хуудсыг эргүүллээ. Нэгэн цагт \”яаж хожно доо\” гэж байсан Монголчууд аргаа олжээ. Одоо олимпод мордох цаг боллоо. Бид хөршийн оюутны шигшээгийн түвшинд бус дэлхийн түвшинд өрсөлдөхүйц чадварлаг цоо шинэ үетэй болжээ. Залуусдаа, МҮСБХ-нд баяр хүргэж, амжилт хүсье.