Саудын Араб улс цэнгэлдэх
хүрээлэнгүүдэд зохион байгуулагддаг спорт арга хэмжээнүүдэд эмэгтэйчүүд
оролцохыг хүлээн зөвшөөрчээ. Ирэх оноос хэрэгжиж эхлэх тус арга хэмжээний
хүрээнд эмэгтэйчүүд Рияад, Жиддах болон Даммам гэсэн гурван том хотод цэнгэлдэх
хүрээлэнд орж, тэмцээн уралдаан үзэх боломжтой болох юм.
Жендерийн харьцаа тэгш бус, олон
зүйл хориглогдож байсан эмэгтэйчүүдийн эрх чөлөөнд бага ч болов эерэг
өөрчлөлтүүд гарч, жолоо барихыг хориглосон хоригийг цуцалж, ийнхүү цэнгэлдэх
хүрээлэнд орох эрхтэй болсон зэрэг нь нааштай өөрчлөлтийн эхлэл хэмээн
ажиглагчдын зүгээс таатайгаар хүлээн авч байгаа аж. Угсаа залгамжлах хунтайж
Мухаммед бин Сальман нь Саудын Арабын нийгмийг орчин цагтай мөр зэрэгцүүлж,
эдийн засгийн өсөлтийг дэмжсэн арга хэмжээнүүдийг авахад гол үүрэг гүйцэтгэн,
удирдаж ажиллаж байгаа юм.
Тус улсын спортын байгууллагын
мэдэгдсэнээр, 2018 оны эхэн үеэс үзэгчдийг гурван гол цэнгэлдэх хүрээлэнд гэр
бүлээр нь спорт арга хэмжээнүүдийг үздэг болгохоор бэлтгэл ажлыг хийж байгаа
аж. Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэн доторх зоогийн газрууд, кафе, хяналтын
дэлгэцнүүд ч эмэгтэйчүүдэд нээлттэй болох гэнэ. Өнөөг хүртэл дээр үйлчилгээний
хэсгүүд бүгд эрэгтэйчүүдэд л үйлчилдэг байсан юм.
Б.Болормаа