Хоёр сарын гаруй хугацаанд есөн
хүний аминд хүрсэн цуврал аллагын сэжигтнийг баривчилжээ. Японы цагдаагийнхан түүний
гэрээс хэдэн хэсэг болгон тасалсан цогцоснуудыг олсон байна.
Өнгөрөгч Мягмар гаригт цагдаагийнхан
Такахиро Ширайшигийн байшингийн гаднах хөлдөөгч чингэлгээс тасалсан хоёр
толгойг, бусад долоон цогцсыг гэр доторх хайрцагнаас нь олж илрүүлжээ. 27
настай хэрэгтэн эр цогцоснуудыг устгахын тулд ийнхүү хэдэн хэсэг болгож, нууж
далдлахын тулд дээрээс нь хогоор хучсан гэнэ. Гэхдээ Такахиро Ширайшиг зөвхөн
дээрх аллагад буруутгаад зогсохгүй, өөр олон хүн амины хэрэгт холбогдолтой байж
болзошгүй гэж цагдаагийнхан сэжиглэж байна.
Лхагва гаригт хэргийн талаар арай
дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэжээ. Сэжигтэн хохирогчдоо твиттерээр дамжуулан олж,
уулзсан өдөртөө хөнөөдөг байсныг цагдаагийн эх сурвалж хэлсэн аж. Түүний гэрт
байсан гурван хөргөгчтэй, таван хайрцгаас нийт есөн хүний толгой, хэсэглэн
салгасан олон тооны гар, хөл олсон юм. Шинжээчид бүх хохирогчийг тогтоохоор
шинжилгээ хийж байгаа аж.
Цагдаагийнхан анх сураггүй алга
болсон эмэгтэйг эрэн сурвалжилж байхдаа Такахиро Ширайшигийн гэрт ирж, эдгээр
хүн амины хэрэг ил болсон юм. Бүсгүйг твиттерээр харилцаж байсан этгээддээ
хорлогдсон байж болзошгүй гэж тэд үзжээ. Зарим хэвлэлийнхний мэдээлснээр,
Ширайши нь амиа хорлохыг хүссэн хүмүүстэй твиттерээр дамжуулан уулзах гэх
зэргээр хохирогчдоо олдог байсан гэжээ.
Б.Болормаа