Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын монголын хэсгийн даргын хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдгээ Шадар сайд илэрхийлэв.
Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдааныг энэ онд багтаан хийх, Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны болон Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны Дэд комиссыг ч ойрын үед хуралдуулах шаардлагатайг тэмдэглэв.
ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл зэрэг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нийлүүлэх боломжтой ч Оросын талын гааль, татварын асуудлаас болж ахиц гардаггүй. Иймээс цаашид тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр хамтарч ажиллая гэж Шадар сайд хэллээ. Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг ОХУ хүлээн авч хамтарсан судалгааны баг байгуулах болсонд тэрээр талархал илэрхийлэв.
Уулзалтаар ОХУ-аас авах хөнгөлөлттэй зээл, төмөр зам, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол, Орос, Хятадын \”Эдийн засгийн коридор”-ын хүрээнд хэрэгжүүлэх төсөл зэргийн талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.