Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол
Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар
нийт хүүхдэд хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104,5 тэрбум төгрөгийн
хөрөнгийг шийдвэрлэлээ. Ингэснээр энэ оны наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгөө аваагүй байгаа хүүхдүүдийн мөнгийг он дуустал бүрэн олгох боломжтой болсон. Сангийн яамны Төрийн сангийн газраас холбогдох
санхүүжилтийг бүрэн хийсэн тул өчигдөр буюу аравдугаар сарын 9-нөөс наймаас аравдугаар сарын хүүхдийн мөнгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгож эхэллээ. Харин үлдэж буй арваннэг, арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг тухайн сарын 20-ноос хойш сонгосон банкнаасаа авах боломжтой юм. Харин шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эх,
эцэг нь өөрт ойрхон дурын арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс
нээлгүүлэн хүүхдийн мөнгөө авах боломжтой. Хэрэв хүүхдийн мөнгө авах өргөдлөө
өгсөн боловч мөнгө аваагүй байгаа шинэ төрсөн хүүхдүүдийн хувьд өргөдөл өгсөн
сараар нь тооцон энэ онд багтаан нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин
суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас тодруулах боломжтой болно.