Манай улсаас жүдо, бокс, чөлөөт бөх, буудлага, байт харваа, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, таеквондогийн төрлөөр нийт 17 тамирчин 2020 оны олимпийн тэтгэлэг хүртэх анхны тамирчдаар тодорч тэтгэлэгээ гардан авлаа. Тэтгэлэг гардуулах ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.
Уг тэтгэлэг нь \”Токио-2020” зуны олимпийн наадмын хөтөлбөрийн ганцаарчилсан олимпийн наадмын спортын төрлөөр оролцох эрх авах, улмаар тус наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдыг дэмжих зорилгоор зарлагджээ. Олон улсын олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн хороотой хамтран энэхүү \”Tokyo-2020 Athletes Scholarship program\” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, Монголын спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн байна.
Хөтөлбөрийн шалгаруулалтад нийт 17 тамирчин тэнцэж, олимпийн тэтгэлгийг хүртэх эрхтэй болсныг танилцуулахад, жүдо бөхийн төрөлд Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, гавьяат тамирчин Г.Одбаяр, ОУХМ Л.Отгонбаатар, боксын төрөлд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг, М.Намуун, чөлөөт бөхийн төрөлд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, П.Орхон ОУХМ А.Батцэцэг, Т.Тулга, буудлага спортоор Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа, байт харваагаар ОУХМ Д.Мирослава, Хөнгөн атлетикийн төрлөөр ОУХМ Д.Гантулга, Хүндийн өргөлтөөр ОУХМ М.Анхцэцэг, таеквондогоор ОУХМ П.Тэмүүжин нар багтжээ.