Өмнөд Солонгос улсын Прокурорын газраас тус улсын экс ерөнхийлөгч Пак Гын Хегийн Засгийн газрын үед Тагнуулын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан И Бёнг Гиг /11.14/ баривчилжээ. Түүнээс өмнө нь мэдүүлэг авч байсан бол энэ удаад мэдүүлэг өгөхөөр ирсэн даруй яаралтай баривчилж, түр хорьсон байна.
Хэргийг шалгаж байгаа прокурорын газраас \”И Бёнг Ги нь 2014 оны 3-р сараас, 2015 оны 3-р сар хүртэлх 1 жилийн хугацаанд TЕГ-ын даргаар ажилласан. Тэрээр тус газрын тусгай үйл ажиллагаанд зориулан олгогддог байсан сар бүрийн 10 сая воныг, 100 сая вон болгож нэмэгдүүлсэн. Харин энэ мөнгийг экс ерөнхийлөгч Пак Гын Хед өгдөг байсан бөгөөд нийтдээ 4 тэрбум воныг дамжуулж өгсөн гэдэг нь илрүүлээд байна\” гэж мэдэгдсэн байна.
ТЕГ-ын экс дарга И Бёнг Ги \”ТЕГ-ын ажилд зориулагдан олгосон мөнгийг хүнд дамжуулан өгсөн бурууг би хүлээж байна. Гэвч надад энэ мөнгөнөөс хувьдаа ашигласан зүйл байхгүй. Ерөнхийлөгч Пак Гын Хе надад даалгасан учраас гүйцэтгэхээс өөр аргагүй байсан\” гэж мэдүүлжээ. Өмнөд Солонгос улсын Прокурорын Ерөнхий газраас ТЕГ-ын даргаар ажиллаж байсан өөр хоёр хүнийг баривчилсан байгаа бөгөөд тэд мөн И Бёнг Гитэй нэгэн адил мэдүүлэг өгч байгаа юм байна.